Дэлхийн ихэнх улс орнууд цар тахлаас ангижрахын даваан дээр ирж байхад аль эрт халдварын тоог эрчимтэй буулгаж, цар тахлыг ялсан хэмээн шагшигдаж байсан Тайвань тэргүүтэй Азийн зарим орнууд гэнэтхэн дэлгүүрүүдээ хааж, нийтийн тээврээ зогсоож, дахин хөл хорио тогтоож эхэлжээ.

Тайванийн эл огцом өөрчлөлт Ази тивийн хувьд том уналтын эхлэл байж болзошгүй хэмээн ажиглагчид санаа зовж байна.

Чухамдаа олон улс Тайванийн covid-19 өвчнийг хяналтдаа байлгаж, шинэ халдвар, нас баралтын тоог тогтоон барьж, иргэдийнхээ ажил хөдөлмөр, бизнесийг үргэлжлүүлж, сургууль зоогийн газруудыг нээлттэй хэвээр нь байлгасаар ирсэн арга барилд атаархан, эрх баригчдыг нь сайшааж байсан билээ. Гэвч Тайваньд сүүлийн үед халдварын тоо эрс нэмэгдсэн учир хөл хорьж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж эхэлсэн байна.

Анх цар тахал дэгдэж эхлэх үед тайваньчууд хатуу хөл хорио тогтоож, үр дүнтэй ажилласны ачаар сүүлийн хэдэн сард дотооддоо нэг ч халдвар бүртгээгүй байсан боловч сүүлийн долоо хоногт байдал эрс өөрчлөгдөж, олон зуун тохиолдол бүртгэгджээ. Тиймээс эрх баригчид эхний ээлжинд тавдугаар сарыг дуустал дахин хатуу хөл хорио тогтоож, кино театр, номын сан, амралт, сувиллын газар гэх мэт олон нийтийн үзвэр үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлан, сургуулиудыг хаахаар шийдвэрлэжээ.

Сүүлийн үед зөвхөн Тайвань төдийгүй зүүн өмнөд Азийн Вьетнам, Тайланд, Камбож, Лаос улсуудад халдвар хэзээ ч байгаагүйгээрээ эрс нэмэгдэж, Сингапур, Малайз, Японд сүүлийн хэдэн сар бүртгэгдээгүй олон халдвар бүртгэгдэж эхэлсэнд бизнес эрхлэгчид болон эрүүл мэндийн салбарынхан долдугаар сард болох зуны олимпийг цуцлахыг шаардахад хүргэж байгаа аж.

Ийнхүү Азийн олон оронд халдвар эрс нэмэгдэж байгаа нь Энэтхэгт асар том голомт үүссэнтэй холбоотой юм.

Тухайлбал, Энэтхэгт цар тахлын халдварын хэмжээ урд хожид байгаагүйгээрээ эрчимтэй нэмэгдэж, вирусийн шинэ хувилбарууд үүсч эхэлснээс болж энэ сард дэлхий даяар бүртгэгдсэн нийт 10 сая орчим халдварын 60 гаруй хувь нь Азид бүртгэгдсэн болохыг Оксфордын их сургууль судалгаагаар баталжээ. Цар тахал энэ маягаар хурдтай эрчимжиж байгаа нь АНУ тэргүүтэй орнууд эргэн сэргэж байгаагаас үл хамааран дэлхий цар тахлын өмнөх амьдралдаа эргэн ороход хүнд бэрх, урт зам хүлээж байгааг харуулж байна хэмээн ажиглагчид онцолжээ.

Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөл хорих, зай барих зэрэг аргуудыг хэчнээн амжилттай хэрэгжүүлсэн ч халдвар дахин ихээр дэгдэж, ялангуяа Энэтхэгт вирусийн шинэ хувилбарууд үүсч буй энэ үед сүргийн дархлаа тогтоох хамгийн зөв арга бол вакцинжуулалт хэмээн тайлбарласан байна.

Гэвч нийт үйлдвэрлэгдэж буй вакцины дийлэнх хувийг АНУ болон Европын чинээлэг орнууд худалдан авч нөөцөлсөн нь том асуудал болж байгаа юм. Учир нь чинээлэг орнууд хүн амынхаа тооноос ч олон тун вакцин нөөцөлсөн тул Вьетнам, Лаос, Филиппин зэрэг буурай орнуудад вакцины хүрэлцээ тун хангалтгүй байгаа билээ.

Ялангуяа буурай орнуудын эрүүл мэндийн тогтолцоо муутай алслагдсан хот, тосгод, ядуу дүүргүүдэд вакцинд хамрагдаагүй олон сая хүн амьдарч байгаа нь вирус мутацид орж, илүү их аюултай болох шалтгаан гэдгийг эрдэмтэд сануулсаар байгаа юм.

Сүүлийн үед зүүн өмнөд Азийн орнуудад халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй нь Энэтхэг, Балба, Шри Ланка, Малдивт тархалт гамшгийн хэмжээнд хүрч байгаа үетэй давхцаж байгаагаас шинэ хувилбаруудын халдварлах чадвар хэр зэрэг хүчтэй болохыг харж болохоор байна.

Энэ талаар олон улсын Улаан загалмайн холбооны Ази, Номхон далайн бүсийн яаралтай тусламжийн зохицуулагч Абхишек Римал “Бүх хүн дархлаатай болохоос нааш хэн ч эрсдэлээс ангижрахгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ тал дээр АНУ тэргүүтэй орнууд сайн ажиллаж байна. Хэдий тийм ч вирус олон дахин мутацид орж, вакцинд тэсвэртэй болбол АНУ зэрэг олон орны хичээл зүтгэл талаар болно. Үүнийг л цар тахал гэж нэрлээд байгаа юм. Хувьсан өөрчлөгдөж, улам хүчирхэгжиж, дахин дахин идэвхжих чадвартай. Тиймээс хүн бүрийг дархлаажуулах нэн шаардлагатай. Үүний тулд вакциныг зөв хуваарилах нь хамгийн чухал” хэмээн тайлбарлажээ.

Вакцины хүрэлцээ зөвхөн буурай орнууд гэлтгүй дундаж орлоготой орнуудад ч хомс байна. Тухайлбал, Тайланд, Малайз, Индонез улсуудад вакцин тариулсан иргэдийн хувь нэг оронтой тооноос гараагүй байгаа гэнэ. Тэр байтугай халдварын дөрвөн ч үеийг даван туулаад буй Япон оронд хүртэл хүн амаа хангалттай вакцинжуулж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, нийт 126 сая хүн амтай Япон улсад нийт хүн амын гурав хүрэхгүй хувь нь бүрэн дархлаажсан гэнэ.

Эх сурвалж: LOS ANGELES TIMES


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.