Дараа нь. Дахиад л нам. Дахиад л аль нэг намыг дагах марафон. Дэвшилттэй, мөн гайтай нь сонголттой болсонд оршино. Жирийн нэгэн "намаа даган алзахгүй амьдрахаар шийдсэн" залуу хүн багцаагаар хоёр сонголтын өмнө тулж очно. МАН АН. Ардчилсан нам ямар үзэл баримтлалтай, ардын нам ямар үзэл баримтлалтай нь хэний ч сонирхлыг үл татна. Магадгүй намын удирдлагынхаа сонирхлыг ч татахаа больсон байх. Гол нь сонгууль. Сонгуульд аль нь ялах. Гэтэл бас жижиг нам байгуулан тоглож ч болох... Дараа нь өөрийн байгуулсан намаа навс хаяад өөр намд харайгаад орчихож ч болох... Гол нь сонгууль. Үзэл баримтлал бол аль ч намын гишүүдийн хамгийн сонирхдоггүй сэдэв болтлоо дор оров. Амин зуулга хэмээгч ийм л хүчтэй аж. Нам дагасан "бор халзан хонь" ч аз байвал сайдын суудалд залрах бодит боломж нүдний өмнө илхэн байхад хэн улс төрийн үзэл санааны талаар толгойгой гашилгаж суух билээ. Дахиад л

Нараа дагавал даарахгүй
Намаа дагавал алзахгүй
гэж дуулах хэмжээнд хүртлээ намыг шүтэх үзэл гаарлаа. Ялгаатай нь аль намыг дагах. Баталгаатайгаар нь ах дүү хоёр, авгай нөхөр хоёр тус тусдаа хоёр том намыг дагах. Аль ч тохиолдолд хожигдахгүй хувилбар... гэх мэт гэх мэт Монголчуудын бүтээлч сэтгэхүй энэ л талбарт шидээ үзүүлж байх шиг...

Сонгууль бол Монголын нийгмийн хамгийн чухал үйл явдал, монголчуудын гол хийдэг ажил болж хувирав. Бүхнийг фронтын төлөө гэгчээр бүхнийг сонгуулийн төлөө. Нэр дэвшигчийн сонгуульд зарлагадах мөнгөний хэмжээ астрономийн хурдаар өсч, сарын сая орчим төгрөгийн бодит орлоготой дундаж амьдралтай гэгдэж байгаа иргэдийн зуун жил ажиллаад ч олохооргүй хэмжээнд тулав. Тэрбум төгрөг гэдэг сайн нөхөр шиг сонсогдож, их наяд гэдэг тоо ихээр танигдав. Наад захын гэгдээд байгаа зуун сая төгрөг бодит байдал дээр яаж харагддагийг ч мэдэхгүй бид мэт сургийг нь сонсоод л сүрдэж үхмээр тоонууд байх. Их мөнгөөр сонгогдсон хүн илүү их болгож олдог гэх хов жив мянга яригдан бараг аксиом болох шахав. Хүчтэй том махчин амьтдын барьсан сэг зэмээр хооллодог амьтад байдаг шиг сонгууль дагаж амьдардаг худалч хүнд бараг нийгмийн бүхэл бүтэн давхарга үүслээ. Сонгуулийн сургаар олз ашиг нүдэнд нь үзэгдэж гарт нь баригдах шахаад алгаа үрчин хүлээх. Зурагтын нэвтрүүлэгт орох, реклам сурталчилгаа цацах, сонин хэвлэлд ярилцлага өгөх, зураг хөргөө авахуулах /маниусын утсаараа авчихдаг сээлфий биш/, брошур танилцуулга бэлдэх, менежер, ухуулагч, ядахнаа брошур тараагч хөлслөх гэх мэт гэх мэт... Бидний мөнгө олдог ганц үе гэж нэр нүүрээ баран ил тод сурталчлах хэмжээнд тулав. Энд миний бие нөгөө битаан митаан тараасныг бол тооцоонд оруулаагүй шүү. Товчхондоо сонгууль дагасан их мөнгө их дуулианы хажууд нэр төр гэгч шалдаа буулаа.

Газар доорх хийгээд газар дээрх баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй суугаа мөртлөө сонгууль хэмээх ардчилсан засаглалын элементийг эдийн засгийн эргэлтэнд оруулж хамгийн анхны утга зорилгыг нь алдагдуулан дампууруулж чаджээ. 

Эрдэмтэд, сэхээтнүүд сонгуульд оролцохгүй хаачив гэж асууж байна? Яаж оролцох юм бэ. Өнөөдөр ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа шинжлэх ухааны доктор зэрэгтэй эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан 1027674.2 төгрөгний цалинтай. /ТҮШУ-3 зэрэглэлийн 5-р буюу хамгийн дээд шатлалын цалин, эрдмийн зэрэг цолын нэмэгдэл, зэрэг дэвийн нэмэгдэл бүгд ороод/. Татвар, шимтгэлээ төлсний дараа 832416.102. Бусад ажилтнуудын цалин бол үүнээс бага гээд ойлгочих хэрэгтэй. Нууц мэдээлэл огтоос биш. Монгол Улсын Засгийн газрын Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 75 дугаар тогтоол. Найман зуун мянган төгрөгийн хэдийг нь идэж, хэдийг нь өмсөж, хэдийг нь байр сууцандаа төлөх вэ? Эцэг эхээс өвлөсөн өөр яасан ч байдаг юм бэ хувийн орон сууцтай бол бас яах вэ. Өөрийн гэсэн орон сууцгүй бол хэдийг нь түрээсэнд өгч хэдээр нь гол зогоох вэ? "Сайхан амьдрахад тийм ч их мөнгө хэрэггүй. Хүн гол нь шуналаа л татах хэрэгтэй" гэж цатгалан царайгаа улайлгах ч үгүй сурталдагч үүнийг уншиж байвал орох оронгүй эрдэмтэн яаж амьдрахыг заагаад өгөөрэй. Шинжлэх ухааны докторын зэрэгт хүрнэ гэдэг хүнээс наад зах нь 12 жилийн тасралтгүй хөдөлмөр шаардана. эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтны зэрэг дэвд тавигдах шаардлагыг баргийн хүн хангахгүй. Их дээд сургуулийн багш нар үүнээс жаахан дээгүүр цалинтай. 

Ийм байхад ямар солиорсон хүн сонгуульд нэр дэвшиж оролцох вэ? Наад захын 100 сая төгрөг бол эрдэм шинжилгээний ажилтан хүн арван жил тасралтгүй ажиллаж олох мөнгө юм. 100 сая төгрөг бол сайхан монгол залуу эцэг эх эхнэр хүүхдээ орох оронтой болгоё гээд ирээдүйгээрээ дэнчин тавин харийн нутгийг зорих шалтгаан юм. 100 сая төгрөг бол жирийн нэгэн хөдөлмөр эрхлэгч монгол иргэний хорин жилийн ипотекийн зээлийн "шорон", зээлээ төлж дуустлаа үхэж үл болох, өвдөж үл болох тангараг юм. 

Одоо бид яах вэ? Сонгуульд зарцуулах мөнгө олох, зарцуулсан мөнгөө буцааж олох гэсэн чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ?

Гэхдээ өнөөдөр ардчилсан Монгол оронд сонгуульд их мөнгөтэй нь нэр дэвшиж оролцоно, бага мөнгөтэй болон мөнгөгүй хүн оролцож болохгүй гэж хуулиндаа заагаагүй. Монгол улсын иргэн хөрөнгө чинээ харгалзахгүй сонгох сонгогдох эрхтэй гэж заасан байгаа. Хуулийн энэ заалт бодит байдалд биелдэг эсэхийг, бага мөнгөөр сонгуульд оролцож болдог эсэхийг туршиж үзэх "солиотон" олдоно. Мөнгөгүй хүнийг сонгуульд нэр дэвшүүлэх "солиотой" нам бас олдоно. Түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлддөг байж болох ч хөхөөн дуунаар зун цаг ирдэг. Эх нутагт минь сайхан зун ирэх болтугай. Сонгох сонгогдох эрх чөлөөгөө мөнгөний дарангуйллаас чөлөөлцгөөе!


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.