2018-11-28 14:03:00

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш дахиад өсөх хандлагатай боллоо. Аравдугаар сард долларын ханш өсч 2500 төгрөг давсан бол аравнэгдүгээр сард ханш 2600 төгрөг давж байна. Үндсэндээ есдүгээр сараас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч, дунджаар 130 төгрөгөөр өссөн байна. 

Өнөөдрийн Монголбанкны зарласан ам.долларын ханш 2603 төгрөг байгаа бол хар зах дээр ханш 2610-2615 төгрөгт хэлбэлзэж байна.

Өнгөрсөн есдүгээр сараас Монголбанк зах зээлд ханш огцом өсөх нөхцөл үүсээгүй, улсын гадаад валютын албан нөөц хангалттай хэмжээнд байгааг мэдээлж байгаа. Гэхдээ гадаад нөхцөл байдал болон дотоод дахь ам.долларын урсгал сайжрахгүй байгаа нь долларын ханш савлахад  хүргэж байгааг тайлбарлаж байсан.

Монголбанкнаас он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 979 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ханшийн огцом өсөлтөөс сэргийлж 979 сая ам.долларын интервенц хийжээ. Гэхдээ бодит байдал дээр ханш бууурсангүй, харин ч алгуурхан өссөөр байна. Ялангуяа арав, арваннэгдүгээр сард ханш огцом нэмэгдлээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо арванхоёрдугаар сард хуралдах товоо наашлуулж, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалах бодлогын арга хэмжээг авлаа. Тодруулбал, өчигдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын хүүг нэг хувиар нэмж, 11 хувь болгохоор болсон. Бодлогын хүүгээ өсгөх нь төгрөгийн ханш чанга, тогтвортой байлгах бодлогын арга хэмжээ гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлбарласан. Өөрөөр хэлбэл, энэ нь ам.долларын ханшийн өсөлтийн эсрэг авч байгаа Төв банкны бодлогын арга хэмжээ ажээ. Төв банк иргэд болон ААН дээр байгаа чөлөөт мөнгөний эх үүсвэрийг өндөр хүүгээр татан төвлөрүүлэх аргыг ашиглаж байгаа юм. Ингэснээр зах зээл дэх ам.долларын эрэлт буурна гэж тооцож байна.

Гэхдээ ам.долларын ханш Монголбанкны баримталж буй бодлогоос үл хамаарч өсөх хандлага бий. Тухайлбал, улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн гэнэтийн шокоос хамаарч ханш савладаг. Тиймээс өнөөгийн манай  улсын улс төрийн тогтворгүй байдал, гадаад зах зээл дэх нөхцөл байдлаас хамааран ам.долларын ханш савлах магадлал өндөр байсаар байна. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.