ХӨГЖЛИЙН БАНКНААС 5.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН ЭЗДИЙГ ЗАРЛАЛАА

2018-12-12 15:49:00

Монгол улсын Хөгжлийн банк цөөнгүй төслүүдийг санхүүжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд олон аймаг, сумыг хооронд нь холбож, барилгын түүхий эдийн үйлдвэрүүд барьж, өргөтгөснөөс гадна орон сууцны томоохон төслүүд амилсан. Гэсэн хэдий ч цөөн хүний алдаа, шуналаас  үүдэлтэйгээр Хөгжлийн банк гэдэг хахуулийн төслийн саалийн үнээ болсон гэх шүүмжлэлтэй тулгараад байна. АТГ-ынхан Хөгжлийн банкнаас 5.2 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байдлыг шалгаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинжтэй хэд хэдэн үйлдэл илрээд байна. Хөгжлийн банкнаас зээл авсан Монроуд Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг бид мэднэ. Хөгжлийн банкны асуудлаар ч саяхан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд танилцуулж, Чингис, Самурай, Хубилай бондын хөрөнгийг зарцуулах асуудлаар ярилцжээ. Хөгжлийн банкнаас санхүүжүүлт авсан дотоодын томоохон танилцуулагчдыг танилцуулж байна.

 

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр:  

Говийн зам компани 170.6 тэрбумын зээл авсан. Тус компанийн ард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил нар байдаг. Тэднийг МСS-ийн бүлэглэл гэж УИХ дээр ярьдаг. Говийн зам компани Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос экспортын тээврийн зориулалттай хатуу хучилттай авто замыг байгуулж, засвар арчилалт, ашиглалтыг хариуцах зорилготойгоор 2010 оны гуравдугаар сард “Энержи ресурс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан. Монгнол Улсын Засгийн газрын 2010 оны авто замын тухай “83-р тогтоолын хүрээнд өөрийн толгой компани “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэцээ суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайтын хилийн боомт хүртэлх 239 ъм уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замыг 2011 онд барьж уг замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчилалт , харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцанг ажиллаж ирсэн. Үүнийг Эрдэнэс МГЛ-д  шилжүүлсэн.

Насны зам компани 75.1 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компанийн эзэн Жумдааны Энхжаргал. Тэрээр Дорнод аймаг дахь МАХН-ын хорооны дарга. Насны зам компани 2001 оноос үйл ажиллагаа явуулсан бөгөөд анхны ажлаараа Мянганы замын төсөлд орж байсан. Сүүлд Хөшигийн хөндийн нисэх буудлын авто замын төсөлд оржээ.

Арж капитал компани 66.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ копани Макс группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарынх. Одоогоор тус компанийг Х.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу удирдаж байна. 2004 онд байгуулсан тус компани Улаанбаатар хотыг сэргээн сайжруулах төсөлд хатуу хучилттай автозам, зүүн чиглэлийн гол зам барих төсөлд 268м Хэрлэнгийн гүүр, Мянганы зам төслийн зүүн, баруун, хойд, урд чиглэлд хатуу хучилттай авто зам, аялал жуулчлалын бүс болон орон нутагт хайрган хучилттай авто замууд, Улаанбаатар хотод авто замын ажил болон цогцолбор барилгуудад тохижуулалтын ажлуудыг гүйцэтгэж нийт 305км урт хатуу хучилттай болон хайрган зам, 403м урт төмөр бетон гүүрийн ажил гүйцэтгэжээ.

Монроуд компани 45.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ компани УИХ-ын гишүүн Н.Гарамгайбаатарынх гэдгийг иргэд мэднэ. АТГ-аас “Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халканбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь 38 хувьтай байхад уг газарт шинээр зам тамих гэж байгаа мэт ойлголтыг Засгийн газарт төрүүлж, дахин тогтоол батлуулан нэмээд нийт 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлээд өгчихсөн байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай.

Хурдны зам компани 68.9 тэрбум төгрөгийн зээл авсан. Компанийг Шагдарсүрэнгийн Бат-Энх, түүний эхнэр Хүүхдийн төлөө газрын дарга асан И.Нарантуяа нар эзэмшдэг. И.Нарантуяа нь АН-ын идэвхитэй гишүүдийн нэг бөгөөд одоогоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Хурдны зам” компани Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр  чиглэлийн 77км хатуу хучилттай замын шинэчлэл, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай зам барилгын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцлөөр:  

Үндэсний бүтээн байгуулалтын корпораци Хөгжлийн банкнаас 154.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ корпорацид  Дельта констракшн, БҮТИ, Улаанбаатар барилга компаниуд багтдаг. Тус корпораци Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 1, 2 хороололыг барьж ашиглалтад оруулсан.

Монполимет групп Хөгжлийн банкнаас 126.6 тэрбум төгрөг зээлсэн. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав эзэмшдэг бөгөөд компанийнх нь ерөнхий захирлаар Н.Мөнхнасан хэмээн эмэгтэй ажиллаж байна. Монполимет групп Дундговь аймгийн Өргөн суманд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх Монголын анхны хуурай аргын техналогид суурилсан үйлдвэр байгуулсан.

Скай ресорт компани 125 тэрбум төгрөг зээлсэн. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Сү.Батболд нар Скай ресортыг эзэмшдэг. Скай ресорт нь МСS-ийн охин компани бөгөөд Хөгжлийн банкны зээлээр АСЕМ цогцолбор, хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Дэлхийн томоохон улсуудын удирдагчид Монголд ирэх хугацаандаа байрласан тус хотхоныг Монголын бизнесмэн, улстөрчид худалдаж авсан.

Кью Эс Си компани 133.7 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн. GSCкомпанийн захирал менежмэнтийн гэрээгээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар очсон. Д.Батжавхлан “3-4 жилийн дотор Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэх бүтээн байгуулалтыг хийнэ” гэж амласан. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг авлаа гэсэн шуум дэгдэж байв.

МАК цемент компани Хөгжлийн банкнаас 109 тэрбум төгрөг зээлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дүү МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн энэ компанийг удирддаг. Мак евро цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болон “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс эхлэн 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайд 110кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна.

Эрэл компани Хөгжлийн банкнаас 68.2 тэрбум төгрөгийн зээл авсан. УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат эзэмшдэг бөгөөд тэрээр Эх орон намын даргаар Дээд шүүхэд бүртгүүлээд байна. “Хөгжлийн банк”-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг “Чингис” бондын хөрөнгөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг илрүүлсэн билээ. Тэрээр энэхүү 23 сая ам.долларын зээлийг авахдаа эхлээд 14 сая ам.долларыг, дараа нь есөн сая ам.долларын зээлийг авсан байдаг хэмээн хэвлэлүүд мэдээлсэн.


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.