Таамаг:Хэнтийн нөхөн сонгуулийг ҮХЦ шийднэ

2019-08-13 14:27:00

 

Ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн процесс цаашид хууль журмын дагуу үргэлжлэх эсэх нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарна. Хэрэв ҮХЦ гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудал Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэвэл тус дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ шийднэ. Магадгүй УИХ уг дүгнэлтийг хүлээгээд авчихвал нөхөн сонгуулийн ажил бүхэлдээ зогсох юм.   

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр тодорч эхэллээ. Сонгуулийн сураг гарснаас эхлээд нэр нь дуулдаж байсан эрхмүүдийг намууд нь сойж байгаа аж. МАХН-ын Бага чуулганаас намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг ярс хийтэл гар өргөн баталсан. Тэрбээр “Хэдийгээр энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад бага хугацаа үлдсэн ч 42 дугаар тойргийн иргэдийг дуу хоолойгоо төрд хүргэх эрхийг нь эдлүүлэх ёстой гэж үзэн миний бие нэр дэвшиж байна” хэмээсэн юм. 

Баасан гарагийн орой Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж тус намаас Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг Үндэсний бодлогын хороондоо хүргүүлж, баталж өгөхийг хүссэн байна. Харин МАН-ын тухайд Бага хурлаа энэ сарын 28-нд хуралдуулж нэр дэвшигчээ тодруулах юм. Магадгүй орон нутагт ажиллахын зэрэгцээ намынхаа, “өөрийнхөө” сурталчилгааг хэдийнэ гүйцэлдүүлээд ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвших биз ээ. Гэхдээ МАН хугацааны хувьд ялимгүй аажуурч, Бага хурлаа хуралдуулж байгаа нь МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэнчлэн гишүүн асан Д.Гантулгын асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэн, нөхөн сонгуулийг болиулах гэж байгаа хэмээсэнтэй холбоогүй боловч МАН ҮХЦ-ийн шийдвэрийг харах нь дамжиггүй юм.

М.Дайриймаа

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.