“700-800 жилийн өмнөх түүхэн олдворыг тоногдсон булшнаас олсон"

2019-08-16 15:20:00

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн археологичид Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ. Судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийсэн аж. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

 Тухайлбал 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй үйл явдал аж. 

 Эдгээр олдворуудыг олон нийтэд танилцууллаа. 

Энэ үеэр Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Сүхбаатар “Монголын Үндэсний музей жил бүр археологийн судалгаа, малтлага явуулдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж байгаа малтлагын үр дүнг байнга танилцуулж байгаа. Энэ удаад Хөвсгөлд аймгийн Улаан-Уул сумаас 13 дугаар зууны үед холбогдох 1,000 гаруй булшнаас тоногдсон 100 гаруй булшинд малтлага хийж олсон олдворуудаа өнөөдөр дэлгэн танилцуулж байна. 30 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 40 хоног ямар ч амралтгүй ажиллаад Монголын төдийгүй дэлхийн археологид тод бичигдэх олдворуудыг нээлээ. Уламжлалт аж ахуй соёл, бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан соёлын өвийг илрүүлэн 13 дугаар зууны түүхийг шинээр харахад тус болох эх сурвалжийг нээлээ. Судалгааны эх сурвалж байдаг ч олдвор ховор байдаг юм” гэв.

Судалгааны багийг ахалж ажилласан, Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан энэ талаар ярихдаа, “Өнөөдөр та бүхэнд баяртай болоод гунигтай мэдээг дуулгах гэж байна. Бидний өнөөдөр харж байгаа үнэт олдворууд аль хэдийн тоногдсон булшнаас гарсан. Соёлын өвийг сүйлтэл сүүлийн 30 жилд бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Жишээ нь, Дархадын хотгорт бүтэн үлдсэн булш ховор болоод байгаа.

Энэ олдворыг 2016 онд Мунгараг багийн нутагт нэгэн өндөр настантай ярилцах үеэрээ олсон мэдээлэлдээ тулгуурлаж олсон. Тухайн өндөр настан өвөлжөөнийх нь ард тонуулчид булш тоносон талаар хэлсэн. Ингээд Хориг уулан дээр гараад харахад 100-аад булш тоногдсон болох нь харагдсан. Ингээд дараа жил нь тусгай зөвшөөрлөө аваад 70 гаруй булшинд малтлагаа эхлүүлсэн. Тонуулчид метал хайгчаар илрүүлэх боломжгүй 10 гаруй ваарыг бид илрүүлсэн. Тэдгээрийн дийлэнх нь хөрснөөс доош ойр байсан учраас доторх зүйл нь байгальд задарсан байна.

Харин хөрснөөс доош нэлээд гүнд мөнх цэвдэгт хадгалагдсан гурван ваар өрөм, нэг ваар шар тос хөлдүү хэвээр хадгалагдан үлдсэн байна. Жил ирэх тутам мөнх цэвдэг хайлж байгаа учраас бид 2, 3 жилийн дараа олсон бол өрөм, шар тос хөрсөнд шингэх байсан. Тиймээс цаг хугацааны хувьд азтай тохиол боллоо. Түүхэн эх сурвалжид дурдсанаар Хориг гэдэг нь язгууртнуудын булш байрладаг газрыг хэлдэг. Их Хориг Хэнтий аймагт Бурхан Халдун ууланд байгаа талаар эх сурвалжуудад үлдсэн байдаг бол Хөвсгөл аймагт, Хорьдол Сарьдагийн уулсад хэд хэдэн Хориг байгаа. Хориг ууланд гэхэд л хэдэн хэдэн язгууртны бүлэг булш байгаа юм” хэмээн тайлбарлалаа. 

 Х.Соёл


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.