2019-01-03 14:50:00

Улс төр « халуухан» байна.

МАНАН-г улс төрөөс зайлуулах улс төрч залуусын нэгдэл үүсч, жагсаж, тэмцэж, янз бүрээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж эрх баригч нам ч талцан хуваагдаж, сөрөг хүчин ч дотооддоо зөрчилдөөн үүсч эхэллээ.

Зөрчил яаж үүсдэг вэ гэвэл чиний эрх ашиг бусдын эрх ашигтай зөрөөд ирэхээр л хүмүүс өөрийн сонирхлоо хамгаалж зөрчилдөөн үүсч байгаа. Хүн бүр л довоо шарлуулна шүү дээ.  Монгол улс цөөн хэдэн гэр бүлийн төлөө махаа зулгааж, хөлсөө дуслуулаад яах юм бэ. Яах гэж.

Сонирхол нэг, эрх ашиг нэг хүмүүс нэгдэж нийлээд өөрсдийн байр сууриа хамгаалах үйл явцыг бид тэмцэл гэж ойлгохоо хэзээ болих вэ. 

Жинхэнэ Монголын баатар Монголд төрөхийг хүлээхүү? Жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлийг хийх баатар Монголд бий юу?

Нэр бүхий хэвлэлийнхэн, нэр бүхий сэтгүүлчдийг ард түмний баатар гэж итгэж үнэмшин ард түмэн хүлээн зөвшөөрсөн атал сонирхлын ямар нэг бүлгийн хараат байгаа нь баримтаар бус ч гаргаж буй нийтлэл, байгаа байдлаас бэлхэнээ харагддаг. Жидүүдэнэ гэдэг тусгай үг чиг Монголын үгийн санд үүслээ. Жидүүгийн эсрэг хөдөлгөөнд маш идэвхи санаачлагатай нэгдсэн залуусын талаар ч жиг жуг яриа бий. Монголын ард түмэн хэнд итгэх вэ?

Монголын ард түмний эрх ашиг хаана байна вэ?

 

Талхны мөнгөө олох гэж ядраад утаанд хэрхэн хортож амьдарч байгаагаа анзаарах ч үгүй яваа Дорж, Дулмаа 2 ажлаа хаян хаян талбай дээр гарч жагсах уу? 

Түүний оронд ажлаа хийгээд нэг өдрийн цалингаа авч байх нь үр хүүхдийнхээ хоолыг олоход хэрэгтэй бус уу? 

Тэгвэл АРД ТҮМНИЙ тэмцэл гэж яг юуг ойлгоод байгаа юм бэ?

 


Ард түмэн хаана байна гээч..

Тэд ажил дээрээ мачийтал ажиллаж байна, тэд өнөөдрийн дулаан хонохынхоо төлөө нүүрс зөөж явна, тэд хүүхдийнхээ ханиадтай тэмцэж эмнэлэгийн кордорт байна, тэд сар бүрийн төлөх ёстой зээлийнхээ ард гарчих гээд зах дээр, хилийн гадна гахай үүрээд явж байна. Ард түмэн талбай дээр жагсдаггүй, үнэндээ ард түмэнд тийм цаг чиг байхгүй. Ард түмэн сошиалд байдаггүй. Ард түмэн өндийх завгүй, дата /интернэт эрх/ худалдаж авах завгүй хөдөлмөрлөж байна. 
 

Хэдий болтол ард түмэн нэрийг барьж талцах юм бэ. 

Эрх браигч намын мөрийн хөтөлбөрийн амлалтыг нэхдэг. Сөрөг хүчин юу хийж байгаа юм бэ?

Бид дөрөв дөрвөн жилээр итгэлээ, цаашлаад амьдралаа даатгаад төлөөлөгчдөө их хуралруу явуулдаг. Ардын нам ч тэр, Ардчилсан нам ч тэр улиран сонгогдож их хурлын 4 жилийн эрх мэдлийг авсан байдаг. Бүгд өөрсдөө багаа бүрдүүлсэн байдаг. Өөрсдөө дотроосоо хуваагдаж тараасан байдаг. Ингээд л дараагийн сонгууль болж, дараагийн шинэ бүтэц шинэчлэгдсээр Монгол улсад бодлогын хугацаа, ажил хийх хугацаа, үр дүнг үзэх хугацаа үүсдэггүй.

 

Бидэнд парламентийн засаглал зохиж байна уу? 

Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зохих уу? 

Ер нь бидэнд ямар засаглал зохих юм бэ? 

Ард иргэдэд ямар засаглал, хэн гэдэг удирдагч, хэний нам  байх нь чухал бишээ. Тэр лий хамаагүй асуудал. 

 

Ард түмэнд амьдрал амьжиргаа нь дээшлэх л гол асуудал, гол анхаарал юм. 

Кармандаа байгаа хэдэн халтар төгрөгөө тоолж суухад зарим нь офшор дансандаа хэдэн зуун мянган доллараар нь мартаж, хэдэн тэр бумаар нь бэлэглээд, хуулинд Монгол орны нутаг дэвсгэр дээрх баялаг бол ард түмний нийтийн өмч гэх атал цөөн тооны гэр бүлийн мэдэлд байгаа зэрэг ашиг сонирхлынхоо боол нь болчихсон улс төрчдөөс бид салах уу?

Засаглалыг өөрчлөөд ч нэмэр бий юу? 

Яаж Монгол ард түмнийг явцуугаар барьж чадаж байнаа.

Яаж Монгол түмнийг харанхуй, мэдэхгүй, эд нар яадаг юм бэ гэсэн даапалалтай улс төржиж чадаж байнаа. 

Яаж хуулийг ч , хууль хүчний байгууллагыг ч өөрсдийн эрхшээлээ дур зоргоороо хөдөлгөж байнаа. 

Интернэттэй танилцаад удаагүй Монгол түмнийг сошиалаар тархийг нь угааж чадаж байнаа. Ямар улсын төрийн бодлого нь сошиалаар явж байнаа. 

Үндэсний аюулгүй байдал хаана байнаа. 

Яаж дотоод бүх мэдээллийг сошиалд цацаж чадаж байнаа. 

Хэвлэлийн байгууллагынхан хүртэл цаад үр дагаварыг яагаад бодохгүй байнаа. 

Бүрэн зураглалаараа дэлгээд тавьсан ном шиг Монгол түмэнд минь хамгаалах оромж үллдсэн үү?

Хууль биднийг хамгаалах уу

Хууль хүчний байгууллага баталгаа болж чадах уу

Ард иргэдийг цөхөртөл нь, эх орноосоо дайжтал нь, эх орондоо хоргодон хурган зугтаах хүртэл амьдруулж чадаж байнаа. 

 

Нам засгаас, хэн нэгэн улс төрчөөс биш, хэн нэгэн эрх мэдэлтнээс ч биш, дарга цэргээс ч биш Нийт Монгол зүрхтэй хэн хүн бүхэн ажиглах нүдээ нээхийг уриалж байна. 

Ажиглах нүд нь харах нүднээсээ хурц ажиллахгүй бол сошиалаар дүүрэн хонины арьс нөмөрсөн чоно хоттой хонидруу минь ороод эхэлсэн. Ялгарахаа байлаа, шууд дайрахаа ч байж, арга тактик нь нарийссан энэ үед бид чимээгүй л нэгнээ идүүлсээр, чимээгүй л цөөрсөөр, чимээгүй л үхсээр, чимээгүй л дарангуйлагдсаар байх уу.

 

Баримт нотолгоо гэж цаасан дээр хараар бичсэн зүйлсийг л хэлж байгаа. Хуулийн дагуу гэдэг бол хэн нэгний хуульчилж, бичиж оруулсан зүйлийг л хэлдэг. Түүнийг хамгийн зөв үнэн, түүнийг хамгийн найдвартай гэх боломжгүй. Хуулийг нь санаачлаад оруулж байгаа нөхөр нь өөрөө ашиг сонирхлоо гүн тусгах боломжтой. 

Өөрхоорондоо логик хамааралгүй зөрчилдсөн хуулиасаа болж хичнээн гомдол үндсэн хуулийн цэц дээр оччихсон хариугаа хүлээгээд байж байгаа билээ.

Хуулийн цоорхой гэж нэрийдээд хэдийнээ дасчээ бид. Хичнээн хүн тэр цоорхойд живж унаж байгаа билээ. 

Монголын төрд мэргэжлийн хүн, хандлага зөвтэй хүн, шинжлэх ухаанч хүн, бүтээн байгуулах сэтгэхүйтэй хүн, Монголын төрд олон улсын чиг хандлагыг ойлгодог хүн, боловсорсон хүн, гэр бүлийн сахилга баттай хүн, тогтвортой амьдралтай хүн хэрэгтэй байна. 

Ядаж л улаан махны хэрүүлийг төрийн ордноосоо сонсмооргүй байна, төрийн ордондоо архидан согтуурсан авгай хүүхнүүдийг хармааргүй байна. Ядаж л олон улсын хурал чуулганд эх орноо төлөөлөөд баггүй ярьж чадах, эх орны эрх ашигт нийцэх хүнийг олж, сонгож, тохирох байр сууринд томилмоор байна. 

 

МАНАН арилах уу, МАН аврахуу, АН хийхүү?

Бид нэгэн үеийг өнгөрөөлөө.

Монгол улам л дордоод, Монгол хүн үгүйрээд байгаа болохоос Монгол өөдөө хөгжөөгүй ээ. 

Хөрөнгө оруулалтууд багассанаас биш, мөнгөний ханш унаснаас биш, Монголд бодитой эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт бий болоогүй. 

Олон улс бидэнд итгэх итгэл алдарч, биднийг хөндлөнгөөс өхөөрдөн харж сууж байна. Нууц биш шүү дээ. Энэ том тал газрын нэг жижиг хэсэгт хүн амынх нь 3 сая утаандаа хортоод түгжрээд явааг хэн ойлгож чадах юм бэ?

Бүтээж, ажиллаж, бий болгож, хөдөлмөрлөдөг, төр, эх орноо хөгжүүлэх гэж ажилладаг хүмүүсийн яавч ойлгож чадахгүй систем манайд үлгэн салган өдөр хоногийг залгуулаад байгааг яавч эрүүл хүн ойлгож чадахгүй. 

 

Эх орны маргааш бидний ирээдүйгээс эхлэх юм бол бид маргаашийн сонголтдоо хянуур байя. Бид маргаашийн сонголтоо эрүүл байлгая. Бид сонголтдоо үнэнч байя. Бид сонголтынхоо ардаас хариуцлага тооцдог байя. Бид өөрсдөө ажиглах нүдээ нээе. Бид хүний багтай яриаг таньдаг байя. Монгол иргэн бид оролцоотой байя. Монгол иргэн нэг бүр ахуйдаа тэмцэгч байя. Иргэн нэг бүр сошиалаар л давалгаалагч биш, үнэн худал нь мэдэгдэхгүй тэр ойлгомжгүй нийтлэлүүдэд захирагдаж биш, яриад байгаа сэдвийн үнэн мөнийг эрэл хайгуул хийж сонирхож оролцдог байя. 

Гуравхан сая Монголчуудын зарим нь гадна, хүний нуагт, харийн газар ямар амжилттай ажиллаж явна вэ. Тухайн улсын систем зөв байгаа учраас, зөв чиглүүлэлтэн дунд тэмцэгч, ухаан саруул Монголчууд минь амьдарч чадаад байгаа юм. Тэгвэл гарц хаана байна, иргэн бүр чадах хэмжээндээ ажиглах нүдээ нээе, тэр нүдийг сэрээхэд бид боловсорч, уншдаг, мэддэг, эрэл хайгуул хийдэг, зөв зүйтэйд гар бие оролцдог, иргэний оролцоогоо нэмэх хэрэгэй.

 

Шантарсан гэж үү, шантраагүй ээ.. 

Монгол түмэн одоо л шантарч болохгүй 

Ирээдүй хойчийнхоо төлөө, үр хүүхдийнхээ төлөө. 

20 жилийн дараах Монголын ирээдүйг төсөөлөн байж оролцоотой иргэн өнөөдөр болцгооё. 

Сошиалд явцуурагчдыг шахан түлхэе.

Хэн нэгнийг л түүчээлэхийг хүлээж суухаа больё. 

Монголын ард түмэн эвтэй байхдаа хүчтэй гэдэг ортой үг. 

Бид хүчээ нэгтгэж чадна. 

Ухаанаа нэгтгэж чадна. 

Залилагчдын хуурмаг үгэнд, хуурмаг тоглолтод итгэхээ байцгаая. 

 

Монгол түмнийг хэн аврах вэ?

Бид өөрсдөө. 

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.