2020-02-03 18:00:00

Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх телевиз, радионуудын дунд үндэсний контентын уралдаан зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг ТВ, радио шалгаруулах юм.

 "Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч энэ хугацаанд хүүхэд залууст үндэсний мэдлэг олгох, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийх хэрэгтэй.  Бид сүүлийн 30 жил уул уурхай ярилаа. Гэтэл урлаг соёл, үндэсний соёл, өв уламжлал, үүх түүх, хүний ёсны талаар сүүлийн жилүүдэд орхигдуулжээ. Монголын Үндэсний соёл урлагийн зөвлөлийг байгуулсан. 

Үндэсний контент бүтээх уралдаанаар дамжуулж ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Радио, телевизээр хүүхэд багачуудад гадны контентууд их хүрч байна. Тиймээс бид хүүхэд залуустаа зориулж үндэсний контентуудыг хүргэнэ. Тэд монголоороо ярьж, монголоороо сэтгэдэг байх ёстой. Энэ Цагаан сарын баяраар долоо хоногийн хугацаанд ард иргэдэд үндэсний контент хүргэх уралдааныг зарлаж байна. Бид хэдий ардчилсан улс боловч эх оронч монгол хүнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Бид Чингис хаан музей, Үндэсний театр, Байгалийн түүхийн музейгээ барина. Эх орноо гэсэн сэтгэлтэй, Монгол орондоо хайртай иргэнийг бий болгохыг Ерөнхий сайдынхаа хувьд, эцэг хүнийхээ хувьд хүсэж байна. Энэхүү санаачилгыг дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд хамтран ажиллахыг хүсэж байна" гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх уриаллаа. Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжамц нар түүний энэхүү санаачилгад талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.