2020-02-04 13:52:00

Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн энэ сарын 3-5-нд Кувейт Улсад ажиллаж байна. Тэрээр өчигдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцжээ. Тэрээр зүүн бүсийн аялал жуулчлалын зангилаа болох Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн талаар мэдээлэл өгч, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг Кувейтийн талаас авах хүсэлтэй байгаа талаар ярилцсан байна. Кувейтийн сангийн зүгээс манай улсын энэхүү хүсэлтийг энэ сарын 19-нд болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэж байгаагаа хэлж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгджээ.

Манай улс Кувейтийн сангаас авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авч байсан юм. Тодруулбал, Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын усан цахилгаан станцыг барихад ашигласан. Мөн буцалтгүй тусламжаар нь Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.