2020-02-08 09:57:00

Юун түрүүнд дэлхийн хүн амын өвчлөлийн 80 хувь, нас баралтын 1/3 нь чанарын шаардлага хангаагүй ундны ус, ариун цэвэр орчны алдагдлаас үүдэлтэй байдаг гэдгийг та мэдэх үү. Тэгвэл Монгол Улсын хүн амын дийлэнхи буюу Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээний гол эх үүсвэр бүхий тунгалаг Туул маань ундаалагч хүн бидний балагаар аюулд ороод байна. Мөн хаврын улирал эхлэн газар гэсмэгц манай хотын хөрсний бохирдлоос үүдэн нянгаар үүсгэгдсэн гэдэсний суулгалт өвчин хүүхэд багачууд дунд газар авдаг билээ. Тэр цаг хаяанд ирсэн тул иргэн танд дараах мэдээллийг сануулъя.

Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр бүхий Туул голын хэт бохирдол, нөөцийн зохисгүй хэрэглээ , сав газрын төлөв байдал , гол дагуу уурхайн ашиглалт бүхий олборлолт түүнтэй холбоотой маргааны шийдвэрлэлт  зэргээр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд шүүмжлэлттэй ханддаг ч, газар дээрээ доривтой арга хэмжээ авагдахгүй байсаар байна. Үүний шалтгаан, өнөөгийн байдал, Туул голын хадгалалт хамгаалалтын чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мөн Монгол Улсын Үндсэн Хууль (МУҮХ) болон холбогдох хуулиуд, олон улсад ундны ус хэрэглэх, ариун цэвэр орчныг хэрхэн авч үздэг талаар бичил судалгаа бүхий энэхүү нийтлэлийг бэлтгэв.

Хүн төрлөхтөн төдийгүй амьд организмын амин хэрэгцээ бүхий ус гэдэг нь устөрөгчийн исэл бөгөөд өнгө, үнэр, амтгүй, тунгалаг химийн энгийн нэгдэл боловч олон онцлог шинж чанарыг үзүүлж чаддаг цорын ганц бодис. Харин ундны ус нь эрүүл ахуйн шинжлэх ухааны үүднээс найрлагын хувьд хүний биед зохимжтой, усанд агуулагдах бичил элементүүдийн агууламжийн харьцаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө  үзүүлэхгүй байх шаардлагыг хангасан байх ёстой аж. Тэгэхээр Монгол Улсын хүн амын талаас илүү хүн ам оршин суудаг Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын тухай авч үзвэл;

Нийслэл хотын ундны усны 40 хувийн хэрэгцээг дангаараа хангадаг 717 км үргэлжилдэг бөгөөд үүнээс 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр (66.4%), түүнээс дээш буюу эх хэсэг нь 152км Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар урсан өнгөрдөг байна. Усны чанарын байдал (2018) Улаанбаатар хотоос дээш Уубулангаас Баянзүрхийн гүүр хүртэлх цэгүүдэд Туул голын усны эрдэсжилт 44,1-39,4мг/л, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс Сонгиноос Алтанбулаг хүртэл эрдэсжилт 8-13 дахин нэмэгдсэн 337,9-583,5 мг/л –д хүрч хүчилтөрөгчийн горим алдагдан чанар эрс муу үнэлгээ үзүүлжээ. Туул голын урсгалын дагууд голын усны анги, бүлэг өөрчлөгдөн эрдэсжилт болон бохирдлын үзүүлэлт нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотоос эхлэн хүний үйл ажиллагаанд, голын адаг хэсэгт уул уурхайн нөлөөгөөр голын ус дахин механик бохирдолтонд ихээхэн өртдөг  байна. Үүнд нөлөөлөгч нь Богдхан уулын тусгай хамгаалалтын газар, Туул голын ай сав дагуу Газрын тухай хуулийг зөрчин газар эзэмших, ашиглах эрх олгогдсон 1726 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх хүчинтэй хэвээр, мөн 29 өрх айл газар эзэмших зөвшөөрөлгүйгээр суурьшин амьдарч байна  гэсэн мэдээлэл өгч байгаа ч голын сав газартай давхцалтай аймаг, нийслэлийн нийт дүнгээр 3707 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон  байх юм. Үүнийг нарийвчлан үзвэл Туул голын сав газрын нутаг дэвсгэрт хамаарах тусгай зөвшөөрөл нь 566 байгаа ба Улаанбаатар хот 253, Булган 97, Өвөрхангай 3, Сэлэнгэ 22, Төв аймаг 191  -ийг харъяаллын дагуу олгожээ .

Ийнхүү хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг тусгай хамгаалалтад бий усны сав дагуу олгогдсон нь  МУҮХ-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.... ус ... болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт “... усны нөөц... төрийн нийтийн өмч мөн”, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсэгт “Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна” гэж тус тус хуульчилан заасныг, мөн Монгол Улс (МУ)-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.3-т “Байгаль орчны багц хуулийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авч, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна”,  мөн хөтөлбөрийн 4.1.6-д “Хот, суурин газрын агаар, ус хөрсний бохирдлыг бууруулж, хог хагягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ”4.2.3-т “Усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэтрүүлэхийг дэмжинэ”, 4.2.8-т “ Байгаль орчинг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна”  гэж заагдсан нь хэрэгжигдэхгүй байна.

Ундны ус ариун цэвэр орчноор хангагдаж, хамгаалагдаж чадахгүй байгаа нь манай нэгдэн орсон НҮБ-ын  “Мянганы тунхаглал” дахь Мянганы Хөгжлийн Зорилго 7-ийн “2015 он гэхэд Монгол Улс нь баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын тоог хоёр дахин бууруулна” гэсэн зорилтод хүрч чадаагүй хэвээр байна.

Энэ нь сүүлийн жилүүдэд хотжилт, хүн амын өсөлт, тэдгээрийг дагасан ус ашиглат нэмэгдэхийн зэрэгцээ ялангуяа Улаанбаатар хотод хүн ам хэт төлвлөрөн суурьшсан, газар зохион байгуулалтын бодлого алдагдсан, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо муугаас тусгай хэрэгцээт газарт уул уурхайн зөвшөөрөл олгогдсон, түүнийгн цуцалж чадахгүй байх, дэд бүтэц нь хотын захын болон гэр хорооллын хүн амын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй, хэрэгцээг бий болгохгүй байгаа зэргээр харагадаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн суурьшил, хүн амын төвлөрөл, хариуцлагагүй уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээнд саарал ус бус цэвэр усны хэрэглээтэй, үүний ашиглалтын нөлөөгөр Туул голын сав газрын усны нөөцийн хомсдол, бохирдол, экологин төлөв байдлын доройтол, хууль бус үйл ажиллагаа, газар ашиглалт, хамгаалалтын бүсийн дэглэм алдагдалыг бууруулах, хамгаалалт, хяналтыг сайжруулах, шүүн таслах байгууллага хуулийн дагуу цуцлах хүсэлтийг шийдвэрлэж байх зэрэг хараат бус зарчим алдагдаал байна. Учир нь сав газрын дагуух уул уурхайн тусгай зөвшөөрөл бүхий лицензийг цуцлахад шүүхээр ихэнхийг нь эргэн сэргээдэг байна. Тухайлбал 2019 оны 2-р сарын байдлаар 107 маргаанаас хянагдаж байгаа 65, дахин сэргээсэн 15 зэрэг явцтай байна.

 НҮБ-н хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер Засгийн газрын урилгаар манай улсад 2018  ажиллажээ. Түүний дүгнэлтээр “Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн асуудал олон жилийн турш Засгийн газрын шийдвэрлэвэл зохих асуудал байсаар байгаа билээ. Ундны ус, ариун цэврийн байгууламжийн салбарт зарим үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч Монгол Улс нь Мянганы Хөгжлийн Зорилго 7-ийн “2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын тоог хоёр дахин бууруулна” гэсэн зорилтод хүрч чадаагүй билээ. Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш анх удаа хийгдсэн хяналтын ажил болох Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), НҮБ-ын Хүүхдийн Сангаас (НҮБХС) хамтран хэрэгжүүлсэн Хяналтын Хөтөлбөрийн тайланд дурдсанаар, 2015 онд Монгол Улсын нийт хүн амын 84 хувь нь ундны усны суурь үйлчилгээг хүртдэг бол 59 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжтай гэжээ. Энгийнээр хэлбэл, Монголчуудын дийлэнх хэсэг нь ундны усаа худгаас авдаг ба нийт хүн амын тал шахуу хувь нь нүхэн жорлонд бие засдаг гэсэн үг юм. Харин эдгээр тоо баримт нь Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын 6.1 ба 6.2-т “аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээ”-тэй холбоотой үзүүлэлтээс харьцангуй доогуур байна. 2015 оны байдлаар, нийт хүн амын зөвхөн дөрөвний нэг хэсэг нь гэртээ цоргоноос ус авдаг бол дөнгөж 13 хувь нь л бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдсон байна гэсэн үг юм. Эдгээр тоо баримт нь ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудалд МУ-ын Засгийн газраас тэргүүлэх зэргийн ач холбогдол өгч анхааран ажиллах шаардлагатай байгааг илтгэж байна” гэжээ.

Тэгэхээр ундны усны ариун цэвэр байдалд мөн хамгийн сөрөг нөлөөтэй зүйлийн нэг нь “манай нүхэн жорлон” байна. Нийслэл хотын бүх нүхэн жорлонгийн шийдвэрэх асуудлын тухай дурдвар хэтийн даваад явна. Харин сэдэвт хамаарах таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэг гурван сая хүний 1,448.450  –г ундны усны эх үүсвэр бүхий Туул голд хэрхэн нөлөөлж буй тухай болоод, хүний эрхийн байр сууринаас авч үзэхэд ийм төрлийн үйлчилгээ буюу инженерийн шугам бүхий “эко орчинд халтай” хандлага нь тэгш бус дээр хэн бүрийн сэтгэл зовниулсан асуудал яах аргагүй мөн. Жишээлбэл, Туул голын сав дагуу оршин суугаа 29 айл өрх нь Үндсэн Хууль дахь “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, мөн 16.18.-д “... байнга оршин суух газраа сонгох..” гэж онцгойлон зааж эрхийг олгосоон гээд эрх, эрх чөлөөгөө баталгаажуулан эдлэх нэрийдлээр хаа дуртай газраа оршин суух эрхтэй юу? Түүний дотор хүн амын тал хувийн ундны усны эрүүл, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэн оршин суух зөвшөөрөл (газар эзэмших гэрчилгээ) үгүйгээр дур зоргоор амьдрах газраа сонгон амьдарч байна.

Дүгнэлтийн оронд, Улаанбаатар хотын иргэдэд эрүүл ахуйн шаардлага хангах баталгаатай ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг эдлүүлж Туул гол дагуух нүхэн жорлон бүхий айл өрхүүд, уурхайн кареруудаа нүүлгэж, нөхөн сэргээж өгнө үү.

Ашигласан материал:

1.         Монгол Улсын Үндсэн хууль

2.         Монгол Улсын Усны тухай хууль

3.         “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” нэгдсэн тайлан 2019 https://ian.umces.edu/pdfs/ian_report_602.pdf

4.         ШУТИС, ТУУЛ ГОЛЫН УСНЫ ЧАНАР, БОХИРДЛЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛСОН СУДАЛГАА 2017 http://portal.igg.ac.mn/dataset/d46cfe97-c958-46d5-88ea-1d8960e641de/resource/94e2a1c6-8045-4f80-b41b-871c943d1c7a/download/2017_-.pdf

5.         “Туул гол орчимд тусгай зөвшөөрөл цуцлахаар шүүхээс эрхийг нь сэргээчихдэг” хэвлэлийн ярилцлага, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар https://shuurhai.mn/n/5595

6.         Г.Батжаргал: Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр БОХИРДОХ эрсдэлтэй байна https://ikon.mn/n/ys2

7.         НҮБ-н хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер –ийн дүгнэлт  https://www.ohchr.org/Documents/Issues/Water/MongoliaEOM20Apri2018.pdf

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.