Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар энэ сарын 7-нд гарын үсэг зурлаа.

Төслийг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар зэрэг 14 аймгийн 150 сумдад болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд баруун 7 аймгийг шүлхий, бог малын мялзан зэрэг гоц халдварт өвчингүй бүс хэмээн олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын төв лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, төсөл хэрэгжих нийт аймгуудын мал эмнэлгийн лабораторийг сайжруулах, сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх, улс даяар нийт малын эмч нарыг чадавхжуулах, ажлын байраар хангах, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах аж.

Түүнчлэн  мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, малын үр шимийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах суурь нөхцөлийг бий болгох ач холбогдолтой.

Манай улс 2013-2017 онд Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор зэрэг 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлсэн. Ингэхдээ малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан бөгөөд төсөлд хамрагдсан 14 мянган малчны мах, сүү, ноос, ноолуураас олох орлого дунджаар 78 хувиар нэмэгдсэн аж.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.