2020-02-14 14:10:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.02.13/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Яан Чиндун, Элчин сайдын яамны атташе Ши Жэ болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.

Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг өргөжүүлж харилцан үр ашигтай хамтарч ажиллахад таатай байгаагаа хэллээ. Тэрбээр “Хятад улсын төдийгүй дэлхий нийт хүн төрлөхтний өмнө сорилт болсон аюулт өвчнийг даван туулахад Улаанбаатар хотын иргэд оршин суугчид бид хамт байж даван туулах болно. БНХАУ-ын Ухань хот төдийгүй бусад муж хотуудад гамшигт өвчин дэгдэж, олон хүний амь нас эрсдэж байгаад гүнээ харамсаж байна.

Олон жилийн найрамдалт харилцаат, мөнхийн хөрш  хоёр орны тухайд бид аюул гамшиг тохиолдсон үед бие биендээ тусламжийн гараа сунгаж ирсэн уламжлалтай. Иймд БНХАУ төдийгүй дэлхий нийтэд тархаад буй аюулт өвчнийг даван гарахад зориулж Улаанбаатар хотын иргэдээс хандив болгож 50 мянган ам.доллар өгөхөөр болсныг таньд гардуулья” гэлээ.

Элчин сайд ноён Цай Вэньруй хотын Захирагчид хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг улам бат өргөжүүлж, харилцан үр ашигтай бодлогыг баримталж ажиллах болно. Би 10 жилийн дараа Монголд Улсад ахин ирэхэд эдийн засаг, дэд бүтэц хурдтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Улаанбаатар хотод олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, стратегийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хөгжүүлэх  болно” гэв.

Элчин сайд Чай Вэньруй титэмт нянгийн өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг цохон тэмдэглэв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.