2020-02-17 16:34:00

Сар шинийн өдрүүдэд золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэхэд шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн талаараа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Тэрбээр өнөөдөр нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй дөрвөн эмийн сангаар ороход хоёр эмийн санд нь нэг удаагийн амны хаалт, гар ариутгагчийн нөөц байхгүй, дууссан байлаа. Шүүлтүүртэй даавуун амны хаалт 3500 төгрөгөөр зарагддаг байсан бол өнөөдрийн байдлаар 4000 төгрөгөөр зарагдаж байна. Нийлүүлэлт хангалтгүй байгаа гэдгийг хэлж байв. Харин эм, тарианы борлуулалт хэвийн байгааг эмийн сангийнхан хэлж байсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар Бөмбөгөр худалдааны төвөөр орж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.  холбоотойгоор өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг хөөрөгдөх, зохиомлоор өсгөх байдал гарсныг худалдаа эрхлэгчид хэлж байсан юм. 

“Худалдан авалт өмнөх жилтэй харьцуулахад бага байна. Жилийн жилд сар шинийн баярын өмнө барааны үнэ нэмэгддэг. Нийлүүлэлт багассан учраас үхрийн махны үнэ өссөн. Сүүлийн хоёр жилд адууны махны үнэ өсөх хандлагатай байгаа. Цаанаасаа мах үнэтэй ирдэг болсон. Гадуур янз бүрийн цуурхал яриа гарснаас болсон уу, өнгөрсөн амралтын хоёр өдөр худалдан авалт их байсан” гэж Бөмбөгөр худалдааны төвийн худалдагч П.Жаргалбуян хэллээ.

Худалдаа, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж байгаа иргэд амны хаалттай байдаг болсныг ч тэд хэлж байлаа.

"Өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний статистикийн газар болон бусад холбогдох байгууллагууд зах, худалдааны төвүүдээр судалгаа хийж үзсэн. Супермаркетуудын хувьд үнийн өсөлт харьцангуй бага байсан бол бөөний худалдааны төвүүд дээр өсөлттэй харагдлаа. Зохиомол хомсдол үүсгэж, өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөх байдлыг зогсоох талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тодорхой арга хэмжээ авахыг чиглэл болгосон" гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.  

УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ цаг үед иргэд маань тайван амгалан, ухамсартай байх хэрэгтэй. Хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэтгэлээр давж гарах ёстой. Мах, маск, гурил зэргийг бөөндөж авах хэрэггүй. Үүнээс болж зохиомол хомсдол, зохиомол эрэлтийг үүсгэж байна. Хүнсний бүтээгдэхүүний гадаад дотоод нийлүүлэлтээ зохицуулж байгаа учраас хомсдол үүсэхгүй, хангамж хүрэлцээтэй байгаа. Харин амны хаалт, ариутгалын бодисын хүрэлцээ, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Дөрвөн том үйлдвэр болон өрхийн үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулж, амны хаалтны нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа. Үнэ өссөн байна. Үүнийг гэрээгээр зохицуулж, үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үнийг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллана. Иргэд, үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж, хямарч бухимдалгүй, ухамсартай байвал ямар ч бэрхшээлийг давж чадна. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврээ чанд сахих хэрэгтэй.

Уламжлалт сар шинийн баяраараа айл хэсэхгүй, цахимаар шинэлэг байдлаар золголт хийж, золголтын мөнгөө мобайлаар шилжүүлэх байдлаар зохицуулах нь зөв. Сар шинийн өдрүүдээр хийгдэж байгаа гүйлгээнээс шимтгэл авахгүй байх талаар Төвбанк болон банкуудын холбооныхонтой уулзаж, чиглэл өгсөн" гэв.

Түүнчлэн Сар шинийн баярыг цуцалж байгаа хэрэг биш, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад нэг жил өнжиж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ хэцүү өвчинд ахмад настан илүү өртөмтгий байгаа учраас очиж золгоогүй нь үл хүндэтгэсэн хэрэг болохгүй. Харин ч хүндэлж, хайрлаж байгаагийн илрэл гэдгийг ч тэрбээр онцлон тэмдэглэсэн юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.