2019-01-22 19:05:00

Өнгөрсөн 2018 оны намар буюу 8 сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Үүний дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТЯ-ны сайдын албан тушаалд очсон билээ.

Тэгвэл ЖДҮХС-тэй нэр холбогдсон ЗТХ-ын сайд Я.Содбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Уг шийдвэр гарсанаас хойш УИХ чуулган хуралдахгүй сар гаруй хугацаанд гацсан. Ингэснээр сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг  хэлэлцэж чадалгүй явсаар өнөөдрийг хүрээд байгаа юм. 

Я.Содбаатар бол У.Хүрэлсүхийн танхим дахь ЗТХЯ-ыг хариуцсан хоёр дахь сайд. Өмнө нь Ж.Бат-Эрдэнэ энэ салбарыг тэргүүлж байсан. Я.Содбаатарын тухайд тус салбарт сайдаар томилогдоод ердөө 60 хоног буюу хоёрхон сар л болж буй хугацаанд ийм асуудал үүссэн. Энэ хугацаанд салбартайгаа ч танилцаж амжаагүй биз ээ.

МАН-ын бүлэг өчигдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийн үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ "Энэ долоо хоногтоо багтаж сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ" гэсэн юм. 

Тэгвэл Я.Содбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, дараагийн сайд хэн болох, түүний албыг хэн авах вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд яригдаж байна.

Ард түмэн У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас ЖДҮ-чин сайд нартаа хариуцлага тооцохыг шаардсан тул Я.Содбаатар сайдын албан тушаалаа өгөхөд хүргэсэн нь энэ юм.

Ийн очсон сайд нь тогтдоггүй ЗТХЯ-ны дараагийн томилгоо энэ долоо хоногт багтаж УИХ-аар орох нь тодорхой боллоо.

Тэгвэл улс төрийн хүрээнээс сонсогдож буй албан бус мэдээгээр ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалангийн нэр сонсогдож байна. Хамгийн анх тус яамны сайдаар Я.Содбаатарыг томилохоор яригдах үед ч Б.Энх-Амгалангийн нэр яригдаж байсан билээ. Тэрбээр бизнесийн арвин туршлагатай,  урьд нь дүүрэг нийслэлийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, зарчимч тууштай талдаа хүн гэдгийг олон хүн яридаг юм билээ.

Мөн дараагийн таамагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан Ц.Дашдоржийн нэр яригдаж байна. Ц.Дашдорж нь гурван ч удаа УИХ-д сууж, удаа дараа сайдын сэнтийд заларч байсан.Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан Засгийн газарт ч сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

Ямартай ч эдгээр хоёр эрхэм ЗТЯ-ны дараагийн сайдын томилгоонд яригдаад буй. Мөн өөр салбараас ЗТЯ-ны дараагийн сайд болохыг хэн ч үгүйсгэх аргагүй ээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.