УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн нам, ялангуяа эрх барьж байгаа нам өрсөлдөгчдөө олон хэлбэрээр “намнах” ажиллагаа явуулдаг уламжлал манай улс төрд бий болоод удаж буй. Ялангуяа сонгуулийн жил энэ ажиллагаа илүү их идэвхждэг.  Энэ удаад эрх баригчид ч мөн хуулийн байгууллагын халхавчаар хэд хэдэн горилогч, нэр дэвшигчдийг далайлгах бололтой. Ингэхдээ манай, танай гэж ялгахгүйгээр нэр дэвших магадлалтай горилогчдын хуулийн байгууллагад дуудаж буй.  Эрх баригчид өөрсдийнхөө нэр дэвшигчдийг ч шүүхийн өмнө нь дуудаж байгаа  нь ЖДҮ-ийн хулгайчдаа дарсан баатар болох драмын нэг хэсэг нь. Тиймээс 2020 оны сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа ч хуулийн байгууллагад дуудагдаж, өрсөлдөөнөөс “мултарч” болзошгүй хүмүүс олон бий. Мөн энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшихийг хориглох заалтыг оруулж өгсөн юм.

УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

-29.7.Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

-29.8.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

  • МАН-ын ЖДҮ-ийн хулгайчдыг тэргүүлэгч нь УИХ-ын гишүүн Б.Батзориг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурал дөрөвдүгээр сарын22-ны өдөр товлогдож, шүүхээс хилийн хориг тавьсан байгаа. Гэхдээ тэрбээр хэрэг нь шүүх рүү шилжих хүртэл нэр дэвшинэ гэдэгтэй итгэлтэй байсан юм. Тэрбээр хаврын чуулганы нээлтийн өмнө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх болов уу.
  • Түүний араас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нар. Прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тэдэнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарын хэрэг шалгагдаж байсан ч хуулийн байгууллага дээр “дараад” үлдсэн. ЖДҮХС-аас зэл авсан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Ерөнхий прокурорын зүгээс УИХ-д тавьж байсан ч олонхоороо авч үлдсэн. Тиймээс яллах дүгнэлт үйлдэгдэж, хэрэг нь шүүх рүү шилжсэн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас удахгүй оруулж ирэх болов уу. Эсвэл тэд өөрсдөө түдгэлзэх болов уу.
  • УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд зарсан гэх мэдээллийг иргэд АТГ-т өгсөн. Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодитоор бус хэт доогуур үнэлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байсан бөгөөд түүнийг яллагдагчаар тооцох тогтоол батлан, АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байгаа.
  • Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, дахин шалгаж эхэлжээ. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар УИХ-ын гишүүний эрх мэдлээ хэтрүүлэн, 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон билээ. Б.Гарамгайбаатар нь 2012-2014 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт нөлөөлж, Засгийн газраар өөрт ашигтай шийдвэр гаргуулан, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хууль, хяналтынхан үздэг.
  • Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон билээ.   Харин шүүгдэгч М. Болортуяа нь Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бол, Хот байгуулалтын яамны газрын даргаар ажиллаж байсан Ж.Бурмааг “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргуулахаар бичиг баримтыг нь бэлдэж өгсөн хэмээн буруутгаж буй.
  • Нийслэлийн прокурорын газар УИХ-ын гишүүн асан, Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүний эхнэр, МУГЖ, дуучин Т.Баясгалан Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авхуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүхээс  таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болжээ. Тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байв.

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.