2019-01-24 16:18:00

Монголын морин спорт, уяачдын холбооны ээлжит VII хурал яг одоо үргэлжилж байна. Энэхүү их хуралд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн салбар холбоодоос сонгогдсон 700 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ. Монголын морин спорт, уяачдын холбооны их хурлаар холбооны удирдлагын сонгууль явуулж, шинэ ерөнхийлөгчөө сонгох юм. 

Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын дарга М.Энхболд ажиллаж байсан бөгөөд тэрээр өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.

Тухайн үед Монголын морин спорт, уяачдын холбоо “Дүнжингарав-2018” уралдааныг зохион байгуулахдаа холбогдох дүрэм журмыг зөрчсөн, зохион байгуулалт, эмх цэгц муу болсон тул тус холбооны ерөнхийлөгч М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар хариуцлага хүлээн чөлөөлөгдсөн байдаг.

Тэгвэл өнөөдрийн хурлаар уяачдын холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгох юм. Нэр дэвших хүмүүсийн нэр аль хэдийн тодорчээ. Тодруулбал, М.Энхболдын фракцаас П.Сэргэлэн нэр дэвшиж байгаа бол У.Хүрэлсүхийн талаас УИХ-ын гишүүн асан "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү Ц.Батсайхан нарын хүмүүс нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн заалнаас “Макс”-ын Д.Ганбаатар нэр дэвших таамагтай байгаа ажээ.

Нэр дэвшиж буй хүмүүсийн товч намтарыг хүргэж байна.

ПҮРЭВИЙН СЭРГЭЛЭН
1971 оны 12 дугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо төрсөн. Багш, санхүүч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” группын зөвлөх. Өмнө нь "Олон улсын ярианы үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ны тэргүүн,  Залуучуудын "Алтан соёмбо" нийгэмлэгийн тэргүүн, Өндөр гэгээн Занабазарын "Соёмбо Дарь Эхийн  сан”-гийн тэргүүнээр ажиллаж байсан.
МУБИС-ийг багш, СЭЗДС-ийг бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сингапурын үндэсний их сургууль, АНУ, Сингапур, Гонгконг улсуудад англи хэл, мэдэээлэл технологийн чиглэлээр,  Японы Токио хотод "Адууны бүртгэл, үржүүлгийн" чиглэлээр суралцсан.

П.Сэргэлэн Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах үедээ Монгол морийг Гиннест бүргүүлэх, “Морьтон монгол” ба морины уралдааныг Азийн болон дэлхийн морины холбоонд бүртгүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.

Харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Мэдээлэл харилцааны холбооны тэргүүний ажилтан” болон Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Волейболын спортын мастер, Нийслэлийн алдарт уяач.

ЦОГТЫН БАТСАЙХАН

Боловсрол:

  • 1990-1994 онд ОХУ-ын Новосибирск хотын Их Сургуульд суралцаж, эдийн засгийн мэргэжил эзэмшсэн.
  • 1988-1992 онд Соёл, Урлагийн Их Сургуульд суралцаж, төгссөн.
  • 1975-1985 онд Улаанбаатар хотын 10 жилийн 40 дүгээр дунд сургуульд суралцсан

Ажлын дадлага, туршлага:

  • 2018 оны 7 дугаар сараас хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал
  • 2011-2012 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Мал хамгаалах сангийн Гүйцэтгэх захирал
  • 2008-2011 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Гүйцэтгэх захирал
  • 2007-2008 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн Гүйцэтгэх захирал
  • 2004-2007 онд “Симба” группын Ерөнхийлөгч
  • 1995-2004 онд “Цагаан Ноён” ХХК-ийн Ерөнхий захирал

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.