Газар тариалангийн 1000 гаруй АНН, иргэнд 17.1 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна

Улсын хэмжээнд хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна - ХХААХҮЯам

Засгийн газрын 2020 оны Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. 

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас улаанбуудайн тариалалтад зориулан дэмжлэгийн гэрээг орон нутаг дахь 5 салбар, Увс аймгийн ХХААГазар болон Ажлын албаар дамжуулан хийж байна. 5-р сарын 20-ны өдрийн байдлаар тус сангаас: 

  • 171 иргэн аж ахуйн нэгжтэй 933,5 мянган литр шатахуун нийлүүлэх, 
  • 389 иргэн аж ахуйн нэгжтэй 11,4 мянган тонн  үрийн буудай нийлүүлэх, 
  • 137 иргэн аж ахуйн нэгжтэй 129,8 мянган литр Ургамал хамгааллын бодис нийлүүлэх, 
  • 138 иргэн аж ахуйн нэгжтэй 46,9 мянган литр /тонн/ Бордоо нийлүүлэх, 
  • 140 иргэн аж ахуйн нэгжтэй 216 ширхэг техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, 
  • 21 иргэн аж ахуйн нэгжтэй 27 ширхэг хүлэмж нийлүүлэх, 
  • 14 иргэн аж ахуйн нэгжтэй 10,456 жимсний суулгац нийлүүлэх 

буюу давхардсан тоогоор 1010 иргэн аж ахуйн нэгжтэй 17,1 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дэмжлэгийн гэрээг байгуулан бараа, бүтээгдэхүүнийг олгожээ.
      
Үрийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-аас 5.0 мянган тонн Элит үрийг нийлүүлсэн бол 2019 оны дотоодын ургацаас ХААДС-ын бүрдүүлсэн 4.2 мян тонн, ОБЕГ-ын бэлтгэсэн 2.2 тонн буюу нийт 11.4 мянган тонн үрийг тариалалтад зориулан олгосноор 76.0 мянган га талбайд улаанбуудайн тариалалт явуулах боломжийг бүрдүүлэв. 

Газар тариалангийн үйлдвэрлэлд сэлгэний таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, улмаар цулгуй уриншийн эзлэх хувийг бууруулах, дотоодын тос шахах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх, ургамлын тосны хэрэгцээг импортыг орлох дотоодын үйлдвэрийн бүтээгдхүүнээр хангах  зорилгоор тосны ургамал /Рапс/-ын 180.0 тонн 2 сортын үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 12 аж ахуйн нэгжид 23.4 тонн үрийг олгоод байна. 

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдэлийг бууруулах зорилгоор дэмжлэгт хамрагдсан 453 иргэн, аж ахуйн нэгжийн 23,4 мянган га улаанбуудай тариалсан талбайг даатгалд хамруулав.

Засгийн газрын 2020 оны Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын хүрээнд үнийг 50% хөнгөлсөн 71 ширхэг техник, тоног төхөөрөмж, 270,4 мянган тонн Ургамал хамгааллын бодис, бордоо, 21,8 мянган ширхэг жимс, жимсгэнийн суулгацыг тариаланчдад нийлүүлснээр нийт 30,4 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлэв.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдэлийг бууруулах зорилгоор дэмжлэгт хамрагдсан 453 иргэн, аж ахуйн нэгжийн 23,4 мянган га улаанбуудай тариалсан талбайг даатгалд хамруулав. Энэ нь нийт улаанбуудайн үйлдвэрлэгчдийн 40 гаруй хувийг эзэлж байгаа нь салбарын хэмжээнд анх удаа олон тарианланчдыг хамарсан арга хэмжээ болж, газар тариалангийн үйлдвэрлэлд даатгалын систем хөгжих чухал алхам болж байна.

Урьд жилүүдэд сангаас тариаланчдад үзүүлэх дэмжлэгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулдаг байсныг өөрчилсөн. Тодруулбал, сангийн хөрөнгөөр бус бэлтгэн нийлүүлэгчээс дамжуулан зээлдэх нөхцөлтэйгээр тариалан эрхлэгч нарт үзүүлж  буй дэмжлэгийн нийлүүлэгчийг уг хуулийн дагуу “тендер” шалгаруулах замаар сонгохгүй болсон. Энэхүү бодлогын өөрчлөлтийг нэвтрүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн яамнаас хуулийг хэрхэн хэрэглэх талаарх мэргэжил, арга зүйн зөвлөмжийг авсан болно. Үүний үр дүнд үр ариутгалыг бодисийг 2 ААН-ээс, шатахууныг 1 ААН-ээс, бордоог 6 ААН-ээс тариаланчдад нийлүүлэх гэрээг тус тус байгуулаад байна.

Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг шинээр нийлүүлж буй ургамал хамгааллын бодис, бордооны хэрэглээ, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, үрийн буудайн сортын онцлогийн талаар мэдээ мэдээлэл, зөвлөмжийг онлайн болон бусад хэлбэрээр танилцуулан ажиллаж байна. Ургамал хамгааллын болон үр ариутгалын бодис, бордооны хэрэглээ, га-гийн норм, ашиглалтын талаар цахим сургалтуудыг тариаланчдад зохион байгуулж байна.

Эх сурвалж: GoGo.mn


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.