Европын холбооноос Монголд 155.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор боллоо

Европын Холбоо анх удаа Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор 50.8 сая евро буюу 155.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор болж байна.

Тус санхүүжилтийн хэлэлцээрт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Элчин сайд Траяан Христеа энэ талаар “Монголын ард түмэн ЕХ-ны дэмжлэгт бүрэн найдаж болно. ЕХ-ны  буцалтгүй тусламж буюу төсвийн дэмжлэг нь хоёр чиглэлд байна. Юуны өмнө ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэх бөгөөд КОВИД-19-ийн үзүүлж буй эдийн засаг, нийгмийн үр нөлөөг багасгахад чухал түлхэц болно хэмээн найдаж байна. Түүнчлэн, иргэдийн төрд итгэх итгэл нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхтэй шууд холбоотой тул төсвийн мөнгийг илүү үр өгөөжтэй, ил тод байлгахад дэмжлэг үзүүлэх болно" гэв. 

Хэлэлцээрийн хүрээнд 2020-2024 онд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд зориулан 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техникийн туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэхэд зарцуулах юм.

Энэхүү буцалтгүй тусламжаар Монголын төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, төсөв, санхүүгийн удирдлага, татварын шинэчлэл зэрэгт дэмжлэг үзүүлэхийг зорьж байна.

Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор эхний ээлжийн санхүүжилт болох 16.0 сая евро буюу 49 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байна.

Уг хэлэлцээр нь 2014-2020 оны Хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөр (MIP) -ийн хүрээнд хоёр салбарт хэрэгжүүлсэн, хэрэгжиж буй Европын Холбооны санхүүжилттэй төсөл хөтөлбөрийн үр дүнд суурилж, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг сайжруулахад чиглэнэ.

Хэрэгжилтэд ЕХ-ны зүгээс Монгол Улсын Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хяналт тавин ажиллана.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.