2019-01-29 16:16:00

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал сүүлийн гурван сарын турш улс төрийн халуун сэдэв болж өнгөрлөө. Энэ хугацаанд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурж түүнийг огцруулахыг шаардаж, төрийн ордны гадаа бүх нийтийн жагсаал хоёр ч удаа болоод түүнийг огцруулж чадаагүй юмдаг.

Үүнээс болж УИХ-ын чуулган хуралдахгүй бараг хоёр сарын нүүрийг үзсэн. Эцэст нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төсөл шат шатанд дэмжигдсээр өнөөдөр эцсийн хэлэлцүүлгээ хийж, УИХ-ын дарга М.Энхболд үүрэгт ажиллаа өгөөд байгаа юм.

УИХ-ын даргыг огцруулахтай зэрэгцэн дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэдэг асуулт, таамаг ар араасаа хөвөрсөөр өнөөдрийг хүрсэн. Мөн хэд хэдэн ч хүний нэрс яригдаж байв. Үүн дотор УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нарын хоёр ч сайдын нэр яригдаад амжсан.

Тэгвэл хамгийн сүүлийн таамаг мэдээгээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр яригдаж байна. Мөн Л.Оюун-Эрдэнэ оронд нь ЗГХЭГ-ын даргаар очно гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. 

Түүнчлэн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах ажиллагаанд оройлон оролцсон Т.Аюурсайханыг УИХ-ын дарга болгомоор байна гэх жиргээ сошиалаар нэг шуугьж байна. 

Энэ мэтээр УИХ-ын дараагийн даргын нэрс хөвөрч байна. Намрын чуулганы төгсгөлд парламент шинэ даргатай болохоор төлөвлөсөн. Тэгэхээр шинэ даргыг сонгох асуудлыг ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх мэдээлэл байгаа юм.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.