2019-01-31 15:05:00

УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөгдөх асуудалтай зэрэгцэн, дараагийн даргаар хэнийг сонгох талаарх таамаг улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд яригдаж эхэлсэн.

Хуулийн дагуу УИХ-ын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-д оруулах ёстой. Одоогийн байдлаар УИХ-ын найман гишүүний нэр дараагийн даргад яригдаж байна. Залуу гишүүдийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр таамаглагдаж байгаа. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр хоёр хүний нэр УИХ-ын дарга болох таамагт баттай буужээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хоёр юм. Эдгээр хоёр гишүүн хоёулаа эл суудалд суух "битүүхэн" горьдлого тээж яваа бололтой. Аль хэдийнээ бусад гишүүдээс дэмжлэг хүсээд амжсан гэнэ.

Ц.Нямдорж гишүүний хувьд УИХ-ын дарга болох хамгийн "рейтинг" өндөртэй хүний нэгээр тодроод байсан. Гэвч хуульчид түүнийг УИХ-ын дарга болох боломжгүй хэмээн мэдээлээд буй. 

Ж.Энхбаярын хувьд харьцангүй залуу гишүүдийн нэг. Түүний ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нэр холбогдоод байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

Дашрамд сонирхуулахад олон нийтийн цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг дэмжиж буй иргэд цөөнгүй. Тэрбээр парламентад анх удаа сонгогдож байгаа ч МАН-ын даргын сунгаанд өрсөлдөж, УИХ-ын даргыг огцруулах тэмцэлд гар бие оролцсон “амбиц”-тай нэгэн гэгдэж буй.

Ямартай ч дараагийн УИХ-ын даргын суудалд эдгээр хоёр гишүүн горилж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөл зөвшилцөж чадвал өнөөдөр ч шинэ УИХ-ын даргатай болох боломжтой.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.