Эрүүл нийгэмд аж төрөх нөхцлөөр хангагдсан эхээс ирээдүйд инновацийг бүтээх эрүүл хүүхэд төрнө

Жирэмсэн үедээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Таамаг.мн сайт нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс "Иргэдийн индэр" булангаа хөтлөн явуулж байгаа билээ. Энэхүү булан нь олон нийтийн сүлжээнд цацагдсан нийгмийн бүхий л өнцгийг харуулсан нийтлэлүүдийг сийрүүлэн оруулдаг. Энэ удаагийн "Иргэдийн индэр" буландаа шинэхэн ээж болохоор зэхэж буй нэгэн бүсгүйн нийгмийг харах өнцөг хийгээд, нийгмийн гажуудлыг хэрхэн шинэчлэх талаарх эргэцүүллийг нийтлэхээр бэлтгэлээ.


Зуны ч гэх юм уу, намрын ч гэх юм уу бороотой өглөө. Аавынхаа дээлийг толгой дээгүүрээ нөмрөөд өлөн шээсэндээ айдастайгаар энэхүү тестийг дүрэв. "өө бурхан минь" гэж уулга алдав. Заримынх нь хүсээд ч олдоггүй бяцхан ертөнц миний хэвлийд нэгэнт бүрэлдэж эхэлжээ. Өнөөдөр/2020.09.02/ би чамайг олсондоо маш их баяртай байна аа үр минь. Яагаад гэвэл ээж нь чинийхээ ачаар нийгмээс олж хараагүй бүхнээ олж харлаа, анзаарлаа. Чамтайгаа хамт өөрчлөлтийн салхийг нийгэмд түгээе.

2020.09.02-ны өдөр буюу яг өнөөдрөөс өмнө хүүхдээ тээж төрүүлсэн, хойшид тээж төрүүлэх эмэгтэй танд баярласан талархсанаа илэрхийлье. Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдэх хүмүний биеийг өөрийн хэвлийдээ тээсэн, тээх гэж байгаа эмэгтэй хүн та бол гайхамшиг. Би аливаа асуудлыг шүүмжлэхгүйгээр аль болох эерэгээр харахыг хичээдэг ч энэ удаа үнэхээр шүүмжлэхээс өөр арга алга.

Би 24 настай, хувийн байгууллагад ажилладаг, 2 сар гарантай жирэмсэн ээж. Энэ 2 сарын хугацаанд тохиолдсон, намайг эмзэглүүлсэн асуудлуудаа энд сийрүүлье.

1. Нийтийн тээврийн хэрэглээ

Хичээл сургууль эхэлсэн эдгээр өдрүүдэд автомашины түгжрэл, нийтийн тээврээр явж буй хүмүүсийн тоо эрс өсөв. Жилийн жилд ингэдэг ч энэ жилийн хувьд миний хувьд хүнд тусав. Яагаад гэвэл хордлоготой, тонустай жирэмсэн эх хаа нэгтээ миний адил чихэлдээд зогсож яваа байхдаа гэж бодохоор зүрх шимширмээр. Жирэмсэн эхэд зориулж автобусанд бий болгосон нөгөөх ягаан бүрээстэй сандал юун сул байх. Бага сартай жирэмсэн хүний гэдэс мэдэгдэхгүй учир өөрөө гуйж суухаас нааш суудал олдоно гэдэг үлгэрийн далай.

Шийдэл: Жирэмсэн болсон цагаасаа эхэлж, нийтийн тээврээр үйлчлүүлэх эх таних тэмдэг бүхий зүүлттэй болох эсвэл Umoney-д ахмад настан, оюутан гэдэг шиг ЖИРЭМСЭН гэсэн дуут нэмэх.

2. Хяналтад Орох

Жирэмсэн болсон гэдгээ мэдмэгцээ аль нэг хувийн эход харуулж, эхоны эмчээс бичиг авч өрхийн эмнэлэгтээ очно. Энэ хэсэгт ямар ч асуудалгүй. Харин өрх дээрээ очоод хяналтад ороход хэд хэдэн асуудал анхаарал татав.

-Яагаад биохими, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний шинжилгээг өрх дээрээ аваад лаборатори нь байхгүй ч дүүрэг рүү явуулчихаж болохгүй, иргэддээ 2,3 явуулж чирэгдэл үүсгэдэг вэ

-Миний хяналтад орсон эмнэлэг БГД-ийн өрх. Гэтэл яагаад тэнд нэг ч эхо байхгүй байгаа вэ? эмэгтэйчүүдийн эмчийнх нь өрөөнд ч мөн адил? ер нь хяналтад орно гэдэг эмчийн асуусан хэдэн асуултад тийм,үгүй гэж хариулчихаад дэвтрээ бөглүүлэхийн тулд ажлынхаа 2,3 өдрийг алддаг нь харамсалтай.

Шийдэл: Нэг өдөрт бүх шинжилгээг багтаадаг болгох. Яагаад гэвэл байгууллага цалинтай чөлөө олгодоггүй, 7 хоногийн 2,3 өдөр чөлөө өгөхдөө маш дургүй байдаг. Тэглээ ч 2-3 өдрийн цалингүй чөлөө 90,000+ төгрөг цалингаас хасагдана. Үүний оронд ажлын бус цагаар хувийн эмнэлэгт шинжилгээгээ өгвөл ялгаагүй зардал гарна.

3. Байгууллагуудын соёл

Жирэмсэн болохоос өмнө байгууллагуудын гаргадаг, мөн өөрийнхөө ч ажилладаг байгууллагын гаргадаг ёс зүйгүй үйлдлүүдийг дэлгэе.

1. 2019 оны 10 сард манай байгууллагын нэг ажилтан жирэмсэн болов. Маш их тонустай байна гээд сарын чөлөө авах болов. Тайван эмчилгээгээ хийлгэ гэх нэрийдлээр ажлаас халав. Сар гарантай жирэмсэн байсан. Яагаад тухайн ажилтанд чөлөө өгөөд, эсвэл гэрээс нь ажиллууж байгаад тонус нь гайгүй болоход буцаагаад ажиллуулчихаж болоогүй юм бол?

2. Мөн өөр нэг ажилтныг декритээ авахаас яг сарын өмнө ажлаас халсан.

3. Ахиад өөр ажилтныг жирэмсэн гэдгийг сонсоод шууд халав.

4. Өөр байгууллагад ажилладаг нэг найзыг минь тонустай, жирэмсэн гэдгийг мэдсээр байж дарга нь шөнийн 00 цаг хүртэл шахаж ажиллуулсаар байгаад, өөрийнх нь хүсэлтээр гэх нэрийдлээр ажлаас халав.

Ийм олон жишээ миний эргэн тойронд гарсан учир жирэмсэн болсноо нууж, ажилгүй, орлогогүй болох вий гэсэн айдас надад хүртэл тулгарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийг судалтал жирэмсэн бол 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас шалтгаангүйгээр халж болохгүй гэж заажээ. Гэтэл энэ хуулийг бол дээрх байгууллагууд нулимсан байна. Тухайн ажилчид ч яасан хүлцэнгүй юм. Халагдаал дуугүй явж байдаг. Ийм ёс зүйгүй, хүн чанаргүй зүйлтэй хэрхэвч эвлэрч болохгүй.

Шийдэл: Жирэмсэн эхийн хяналтад орох /үнэндээ декритээ автал 8-10/ өдөр цалинтай чөлөө олгочихоод тухайн ажилтныг тухайн өдөртөө эсвэл маргааш нь өмнөх өдрийн ажлаа нөхөж хийлгэх боломжоор хангах. Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн ажилтныг ажлаас хөнгөвчлөх, өөрөө зүгээр гэж үзвэл хэвийн цагаар ажиллуулах гэсэн заалт хүртэл байдаг үүнийг хэрэгжилтийг аудитаар шалгадаг болмоор.

Ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ихийг бүтээх иргэнээ хэвлийд бүрэлдсэн цагаас нь эхэлж халамжлах хэрэгтэй юм шиг. Хүүхэдтэй болно гэдэг хувь хүний асуудал ч гэлээ жирэмсэн эхийг эрүүл, аюулгүй, стресгүй нийгэмд хүүхдээ тээх боломжийг хангаж өгөх хэрэгтэй гэж бодном. 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэсэн хэрнээ 2 настныг харах төв байгуулаад хөрөнгө оруулж байгаа шигээ ийм амьдралтай уялдаагүй, логикгүй шийдвэр удаа дараа битгий гаргаасай гэж шийдвэр гаргах түвшний хүмүүсээсээ гуйя. Мөн бидний амьдралд нөлөөлөхөөр түвшинд байгаа эмэгтэйчүүд ээ! та бүхэн өөрсдөө хүүхэд тээж, төрүүлсэн хүмүүс атал яагаад энэ асуудлаар нэг ч удаа дугардаггүй юм бэ?

Иргэдийн явдлыг багасгаж, цаг хугацааг хэмнэсэн e-halamj.mn, e-mongolia.mn гээд дэвшилтэт өөрчлөлтүүд гарч байгаа шиг ЖИРЭМСЭН ЭХ-ийн нийгмийн асуудал ч удахгүй шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.

Эрүүл нийгэмд аж төрөх нөхцлөөр хангагдсан эхээс ирээдүйд инновацийг бүтээх эрүүл хүүхэд төрнө

2020.09.02 Улаанбаатар хот, жирэмсэн эх Пушө


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.