Г.Гантулга: Монголын залуусын зүрхэнд, тархинд монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай

          Монголын залуусын зүрхэнд, тархинд монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай.

 

Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийн сурталчилгаа эхлэсэн цагаас хойш цахим сүлжээнд 19 настай Г.Гантулга гэх нэр дэвшигч хүүгийн талаар ихээхэн шуугиан дэгдэж, залуу үеийн төлөөлөл нэр дэвшиж болдог гэдгийн баталгаа болж, залууст үлгэр дуурайлал болсон билээ. Тэгвэл тэрбээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Төв аймгийн Баяндэлгэр сумаас ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан бөгөөд ТААМАГ.МН сайт "Z-үүд юу ярив" булангийхаа дараагийн зочноор урьж, ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Ганзоригийн Гантулга гэдэг. Одоо 19 настай. Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт нэр дэвшсэн.

-МАН-аас нэр дэвшсэн байгаа шүү дээ. Хэзээ МАН-д элсэн оров?

-Би МАН-ын гишүүний үнэмлэхээ аваад нэг жил болж байна. Үүнээс өмнө МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо”-нд харъяалагддаг байсан.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлсэнээс хойш цахим орчноор “19 настай залуу Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байна” хэмээн ихээхэн шуугиад амжсан. Яагаад нэр дэвшихээр болов?

-Төв аймгийн Баяндэлгэр сумын МАН-ын хорооны дарга надад Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшихийг санал болгосон. Үүний үндсэн дээр МАН-ын хорооны гишүүд хурлаараа баталгаажуулан нэр дэвшихээр болсон байгаа.

-Сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн хийв?

-Иргэд сонгогчидтойгоо уулзан өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулаад, бусад нэр дэвшигчдийн л адил сонгуулийн сурталчилгаагаа хугацаанд нь дуусгасан.

-Өөрийн тань мөрийн хөтөлбөрийн гол онцлог юу вэ. Товчхон мэдээлэл өгвөл?

-Монгол Улсын Засгийн Газраас Залуучуудыг дэмжих хөгжлийн сан байгуулахаар болсон. Ийм ч учраас бид мөрийн хөтөлбөртөө аль болох залуусыг дэмжих, ажлын байраар хангах, сум, орон нутгийнхаа боловсон хүчинг бэлтгэх тал дээр илүү анхаарна гэж тусгасан байгаа.

Манай сумд төрийн албан хаагчид болон тэтгэврийн насныхан их байдаг. Тийм ч учраас манай нам Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчид болон Их дээд сургуульд суралцаж буй оюутнуудынхаа судалгааг гаргаж, шинээр төгсөж ирж буй төгсөгчидөө ажлын байраар хангах зорилгыг тавин ажиллахаар төлөвлөсөн.

-Нэр дэвшихэд тань хүндрэл бэрхшээл хэрхэн тулгарав. Залуу хүний хувьд туршлага дутах тохиолдол бишгүй байсан болов уу?

-Сум орон нутгийнхаа малчдыг сайн танихгүй  байх зэргээр туршлага нэлээд дутсан. Гэхдээ манай ахмад үеийн төлөөлөл болсон ах эгч нар маань цаг ямагт тусалж дэмжсэн учраас бэрхшээлийг даван туулж чадсан гэж хэлж болно.

-Нутгийнхаа тухай ярихгүй юу. Мөн орон нутгийн тань иргэдийн амьдрал, эдийн засаг хэр байна?

-Манай сум нь Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээрээ Төв аймаг төдийгүй улс эх орондоо нэртэй. Эдийн засгийн хувьд гэвэл манай сумд мал аж ахуй голлон хөгждөг. Тиймдээ ч малын гаралтай түүхий эдийг боловсруулахын зэрэгцээ эсгий урлалыг хөгжүүлэн, гутал хувцас хийж, иргэд хөдөлмөрчид маань ажлын байраар хангагддаг.

-Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдсон шүү дээ. Тэгвэл хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэх вэ?

-Хамгийн түрүүнд залуу малчдаа малжуулах, залуу гэр бүлээ орон сууцжуулах тал дээр төлхүү ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хүмүүсийн дунд нэг тогтсон хандлага бий болсон. Тэр юу вэ гэвэл нөгөө л нэг нэр бүхий хүмүүс аль ч шатны төвшинд тэргүүлэгч хийдэг гэдэг. Ийм ч учраас манай улсын хувьд залуусын дуу хоолой ихээхэн хэрэг болж байгаа. Үүнийг өөрчлөх гарц гаргалгаа байгаа гэж та бодож байна уу. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээч?

-Үүнтэй санал нэг байна. Нэгэн жишээ татахад сумын ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсээс аль олон садан төрөлтэй, аль олон хүн таньдаг нь сонгогдох магадлал өндөр байдаг. Харин үүнийг залуус бид өөрсдөө өөрчилж чадна гэж би боддог. Залуус өөрсдийн дуу хоолойг олонд хүргэж, амьдарч буй орчиндоо дасан зохицох бус харин шинийг сэтгэж, манлайж чадвал энэ тогтсон хандлага өөрчлөгдөх болов уу.

-19 настай залуу нэр дэвшиж байна гэхээр сонгогчдын хандлага арай өөр байсан болов уу. Ер нь бол сонгогчид өөрийг тань хэрхэн хүлээж авч байв?

-Сонгуульт ажил эхлэхээс өмнө сонгогчдын хандлага хэр байх бол, 19 настай гэхэд хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас битүүхэн төрж байсан. Гэтэл сурталчилгаагаа хийгээд явж байхад энэ бодол бол ихээхэн өөрчлөгдсөн. Хүмүүсийн хандлага, хүлээж авч буй байдал нь маш өөр, шинэ залуу үеийн төлөөлөл болоод бидний хүүхдийг чиглүүлж, шинийг эрэлхийлээд явж чадах юм байна гэх хандлагатай хүмүүс их байсан. Үүнд маш их баярлаж, талархсан.

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшихэд хамгийн их тусалж дэмжсэн хүмүүс хэн байв?

-Хамгийн түрүүнд хамт нэр дэвшсэн ахмад үеийн төлөөлөл маань ихээхэн тус дэм болсон. Чадахгүйг минь зааж, мэдэхгүйг минь ойлгуулж их зүйл сургасан.

-18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй хэмээн Монгол Улсын Үндсэн Хуульд заасн байгаа шүү дээ. Тэгвэл өөрийн тань өмнө энэхүү эрхээ эдэлж 18, 19 насандаа нэр дэвшсэн хүн байдаг уу?

-Үүнийг яг сайтар судалж үзээгүй. Гэхдээ байдаггүй байх гэж бодож байна.

-Ингээд ярилцлага маань өндөрлөж байна. Ярилцлагынхаа төгсгөлд юу хэлмээр байна?

-Хамгийн түрүүнд сонгогчиддоо хандан залуучуудыг бага, туршлагагүй гэж битгий голоорой. Тэдэнд нэг ч удаа болов итгээд, боломж олгоод үзээрэй. Шинийг эрэлхийлэгч, манлайлагч, санаачлагч байж чадна гэж хэлмээр байна.

Мөн намайг дэмжиж итгэл хүлээлгэн сонгосон нутгийн зон олондоо баярлалаа. Итгэлийг тань зүтгэлээр хариулах болно оо. Монголын залуусын зүрхэнд, тархинд монгол эх орны минь маргаашийн хувь заяа зураастай.

Б.Бямбадулам 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.