2019-02-13 09:00:00

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зориг цаг бусаар амиа алдсанаас хойш 21 жилийг үдэж байна.  Аравдугаар сарын 02-ны энэ хар өдрийг өнөөдөр 21 дахь удаагаа дурсав. Гэвч түүний алтан амийг хөнөөсөн хүн одоогоор тодорхойгүй байна. Үе үеийн УИХ-ын сонгууль, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга нарын сандал суудлын төлөөх амлалт, пиар нь болж ирсэн энэ хэргийн жинхэнэ эзэн нь чухам хэн юм бол...Тэр хүн нь хаана, юу хийж яваа бол...Хэрэг илрэх болов уу...

Уг хэргийг 18 жил шалгасны эцэст 2017 оны 12 сард анх удаа шүүхээр дэнсэлж, Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаа нарыг түүнийг хөнөөсөн хэмээн 24 жилийн ял шүүхээс оноосон юм. Хэрэгтнүүд өнөөдөр ялаа эдэлж байгаа. Гэхдээ тэд бол зөвхөн гүйцэтгэгчид юм.

Харин хэргийн жинхэнэ захиалагч нь өнөөдрийг хүртэл илрээгүй байна. С.Зориг агсны аллагын цорын ганц амьд гэрч бол түүний гэргий Б.Булган. Хэрэг гарсных нь дараа мэдүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хоёр хүн С.Зоригийн аминд хүрсэн гэж мэдүүлж байжээ. Хэрэг гардаг шөнө С.Зориг агсан эхнэр Б.Булган руугаа одоо очлоо хэмээн залгасан. Улмаар Б.Булган хаалга тайлахаар онгойлгох үед хүйтэн мэстэй этгээдүүд Б.Булганыг угаалгын өрөөнд оруулж хүлж орхиод С.Зориг агсныг гэртээ ирэхэд нь аминд нь хүрсэн гэж тухайн үед хэвлэлээр мэдээлж байсан юм. 

Тэгвэл хамгийн ноцтой зүйл гэвэл 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан үйл явдал юм. Уг мэдээлэл гарсан даруйдаа шинэ жилийн баярын сүрд дарагдан замхарсан алга болсон.

Тэгвэл “хэрэг хуучирдаггүй” шиг замхарч одсон эл хэрэг эргээд задарч магадгүй гэх таамаг төрүүлэх боллоо.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараах чиг үүргийг өгч байсан. Ингэхдээ ямар нэг шалтаг, шалтгаан дурдалгүй Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Мөрдөн байцаах хэлтсээс ажлын хэсэгт орж ажиллаж байсан 12-13 мөрдөгчийг ажлаас нь халсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.

Ямартай ч салбарын сайд өмнөх ажлын хэсгийг тараасан ч дахин шинээр бүрдүүлж байгаа, ингэхдээ дан цагдаагийн байгууллагын мөрдөх албаныхныг цуглуулсан гэнэ. Тэгэхээр хэргийг хаагаагүй, цааш үргэлжлүүлэн шалгана гэсэн үг юм. Ингэснээр шинээр ажлын хэсэг бүрдүүлж  байгаа гэж ойлгож бас болох юм. Тэгвэл С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэг задрах магадлал тун өндөр байгаа гэх таамаг үүсээд буй.

Ийн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх ажил урагшилсаар л...Харин хэзээ илрэх нь тодорхойгүй ТААМАГ хэвээр үлдэж байна.

                               


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.