Улсын III төв эмнэлэг "Улаанбаатар буян" ХХК-тай хамтран ажиллахаар боллоо

Улсын III төв эмнэлэг "Улаанбаатар буян" ХХК-тай хамтран ажиллахаар болсон ба өнөөдөр буюу 2020.10.21-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд идэвхи санаачлага гарган оролцож санхүүгийн боломжгүй, зүрхний гажигтай 18 хүртэлх насны хүүхдүүдийн мэс засал эмчилгээ хийлгэхэд иргэн өөрөө хариуцан төлөх төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр эхний ээлжинд 20 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болсон аж.

Тухайлбал, Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын лавлагаа тусламж үйлчилгээг 50 гаруй жилийн турш тасралтгүй үзүүлсээр ирсэн бөгөөд тус эмнэлгийн захиргаа хүүхдийн зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд онцгойлон анхаарч, зүрхний мэс засал эмчилгээ хийлгэх заалттай боловч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан тусламж үйлчилгээ авах хугацаа нь хойшлогдох магадлалтай гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлыг эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Монгол хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус компанийн хамт олонд УГТЭ-ийн удирдлага, хамт олон талархалаа илэрхийллээ.

Б.Бямбадулам


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.