БАРИМТ:Чингэлтэй дүүргийн Засаг даргад яригдаж буй Б.Цэрэн ЖДҮХС-гаас 434 саяыг авчээ

Чингэлтэй дүүрэгт БСШУЯ, гаалийн байгууллагад ажиллаж байсан Б.Цэрэн гэх хүний нэр яригдаж байна. Түүнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий.

Б.Цэрэнгийн хувьд БСШУЯ-нд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Австрали руу зугтаж байсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байв. Хэрэг явдал намжсаны дараа Б.Цэрэн Гаалийн ерөнхий газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад дөрвөн сарын өмнөөс Чингэлтэй дүүрэгт  ажиллах болсон түүхтэй нэгэн аж.

Б.Цэрэнтэй холбоотой бас нэг анхаарал татаж буй мэдээлэл нь тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлсэн “Тэмүүн оргил” ХХК-иараа дамжуулан 2017 онд ЖДҮХС-гаас 434.000.000 төгрөгийн зээл авчээ.

Энэ талаар бид Б.Цэрэнгээс тодруулахад “Тиймээ миний нэр дээр байсан компани. Гурван жилийн өмнө эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн. Анх 330 сая төгрөгийн зээл авсан. Жижиг үйлдвэр эхлүүлэх гээд явж байгаа сурагтай байна лээ” гэх тайлбарыг өгсөн юм.

2020 оны орон нутгийн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт  МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Хуулиараа олонх болсон нам Засаг даргаа томилох эрхтэй байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хууль бусаар чуулган зарлаж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намын Удирдах зөвлөлөө үл тоон Б.Цэрэнг зүтгүүлж байна гэх мэдээлэл ч байгаа юм.

Товчхондоо, УИХ, орон нутгийн сонгуулийн хамаг ачааг үүрсэн дүүргийн намын нөхдүүдээ бус өөрийн ойрын гэх тодотголтой Б.Цэрэн нарыг эрх мэдэл, албан тушаалд шигтгэх  гэж байгаа нь анхаарал татаж буй.

Засаг даргад дээгүүр эрэмбэлэгдэж  яваа гэх Б.Цэрэн ЖДҮ-ээс мөнгө “хуссан” хар түүхээ   “эхнэртээ компаниа өгчихсөөн” гэх тайлбараар цайруулна гээд сэтгэчихсэн явна. Авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаад дарга даамал  болж дэвшдэг буруу жишгийг Чингэлтэй дүүргийн Засан даргын томилгоо давтах вий.

Эх сурвалж: Zuv.mn Г.Сар


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.