Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн ажлынхаа хүрээнд шороон шуурганд өртсөн малчин өрхүүдийг дэмжих, шуурганы хохирлыг арилгахад туслах, гамшигт өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зорилгоор “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийг Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байна.

Монгол орны нийт нутгаар 2021 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд тохиолдсон цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр Дундговь аймагт 9 хүн нас барж, 90 гаруй айл орон гэргүй болж, 500 гаруй айлын хашаа нурж эвдэрэн, 130 гаруй мянган толгой мал хорогдож, ихээхэн хохирол учирсан байна. Тиймээс “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийн тусламжийг ихэнх хэсгийг Дундговь аймагт зарцуулж байгаа юм.

Уг төслийн хүрээнд Дундговь аймгийн малчдад таван ханатай гэр, эрүүл ахуйн багц, мөнгөн тусламж гардуулах ёслол Мандалговь хотод 5 дугаар сарын 24-нд боллоо. Энэхүү ёслолыг нээж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дундговь аймагт болсон давтамжтай шороон шуургыг бид хамтдаа даван туулж байна. Хүүхдийг Ивээх Сан бидэнд маш их дэмжлэг үзүүлж, бид өнөөдөр айлуудад гэр, эрүүл ахуйн багц, мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Үүнд бид бүхэн маш их баяртай байна” хэмээн хэллээ.

 Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн өмнө Дундговь малчид маань хүнд байдалд орсон билээ. Энэхүү шуурганаар орон гэргүй болсон хүмүүс өөрийн гэсэн гэртэй болж байна. Эрүүл ахуйн багц тухайн өрхийн гишүүд, ялангуяа хүүхдүүдийн хувьд эрүүл орчинд амьдрах боломж олгоно. Малаа алдсан хүмүүсийн орлого нь дагаад буурдаг. Тиймээс энэ мөнгөн тусламж нь тэдэнд хүнсний болон бусад хэрэгцээгээ хангахад нь тусална гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

“Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслөөр Дундговь аймгийн Сайнцагаан, Дэрэн, Эрдэнэдалай, Гурвансайхан, Адаацаг сумын 14 өрхөд гэр, 210 айлд эрүүл ахуйн багц, 100 айлд мөнгөн тусламж үзүүллээ. Эрүүл ахуйн багцад ариун цэврийн төрөл бүрийн хэрэгслүүд, хүүхдүүдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зөвлөмж зэрэг зүйлсийг багтаажээ.

Хүүхдийг Ивээх Сангийн Суурин Төлөөлөгч Л.Баян-Алтай Дундговь аймгийн малчинд мөнгөн тусламж гардуулж өгч байна. ©Хүүхдийг Ивээх Сан, 2021 он

Шороон шуурганд өртсөн Дундговь аймгийн малчдад ариун цэврийн багц хүлээлгэн өгч байна. ©Хүүхдийг Ивээх Сан, 2021 он

Энэ үеэр мөн Хүүхдийг Ивээх Сангийн Суурин төлөөлөгч болон Дундговь аймгийн Засаг дарга, сумдын удирдлагууд “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. “Шороон шуурганд өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэх” төслийг Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хүмүүнлэгийн яаралтай тусламжийн сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд төсөл нь 2021 оны 4 дүгээр сарын 10-наас 7 дугаар сарын 10 хүртэл хэрэгжих юм.

Дундговь аймагт болсон шороон шуургын хор хохирол. Эх сурвалж: Дундговь аймгийн ОБЕГ

Дундговь аймагт болсон шороон шуургын хор хохирол. Эх сурвалж: Дундговь аймгийн ОБЕГ

Монгол орны нийт нутгаар 2021 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд тохиолдсон цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр 16 аймгийн 154 суманд 706 хүн төөрч, сураггүй болсноос 10 хүн нас барж, 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 134,266 толгой мал хорогдсон байна.


Таамаг


Global-Talent - AIESEC in Hungary


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2021 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.