НУРАНГИНД ДАРАГДСАН ДӨРВӨН ИРГЭНИЙ СУРАГ ГАРААГҮЙ БАЙНА

2019-03-01 18:11:00

Хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Баянголын-Амны “Ууцар” гэдэг газар “Эко-Алтан Заамар” ХХК-ийн ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болж зургаан хүн, хоёр трактор шороонд дарагдсан.

Уурхайн ажилчид Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд 16:05 цагт гаргасан аж.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн, нэг бульдозер, нэг экскаватор машин нурангинд дарагдсан байдалтай байна.

Эрэн хайх аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж байна. Харин хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын алба болон Үндэсний аврах ангиудаас аврагч нар хүч нэмэгдэж, нийт 30 алба хаагч эрэн хайх аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэдийгээр аврах баг тасралтгүй ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна.

Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг аж. Мөн уурхайн карьерт усны ундрага ихтэй байгаа тул аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна.

 


Улс төр


Таамаг



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.