Ирэх сонгуульд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын засгийнхан ялна

2019-06-28 09:19:00

Ард гэдэг төрд ямар нэгэн  алба хашдаггүй жирийн иргэн гэсэн утгатай үг. Ерөнхий сайдын тэргүүлсэн төрийн бодлогын  шинэчлэл нь жирийн иргэдийн төлөө буюу албан ёсоор бол Зүүний хүчний шинэчлэл билээ. Намын дарга У.Хүрэлсүх нь МАН-ын дэргэд гэхээс дотор нь байгаа гэвэл  илүү тохирох Зүүний хүчний холбоог тэргүүлдэг. МАН ч албан ёсоор Зүүний хүчний нам. Иймээс ирэх сонгууль төдийгүй түүний дараагийн сонгуульд ч У.Хүрэлсүхийн Ардын засгийнхан ялна гэхэд алдах зүйл байхгүй.Учир нь ийм юм.

Өнөөгийн амьд байгаль төдийгүй хүмүүн биднийг бий болоход  ихээхэн үүрэг гүйцэтгэсэн мөстлөгийг эрдэмтэд их, бага гэж ангилдаг. Их мөстлөг нь ихэвчлэн солир бөмбөрцгийг мөргөснөөс үүддэг бол бага мөстлөгүүд нь супер тодотголтой галт уулын дэлбэрэлтээс болдог аж. Өнөөдрөөс яг 100-н сая жилийн өмнө ээлжит их мөстлөг дэлхийг бүрхсэн ч  дэлхийн олон галт уулын  ачаар мөсөн бүрхүүл аажмаар арилан, үр дүнд нь өвс/үетэн/ хэмээх ургамал шинээр үүсэж, улмаар энэ ургамлаар хооллодог салаа тууртан бий болжээ. Ийнхүү үетэнг тариалж суурьшмал, тууртанг гаршуулж  нүүдлийн гэсэн соёл иргэншил бий болох үндсэн нөхцөл бүрдэв. Суурьшмал иргэншилд тариалангийн газар, нүүдлийн иргэншилд малын үр шимийн дээжийг хүртдэг хаад, ноёд гэсэн анги яг адилхан бий болов. Яваандаа худалдаачид гэсэн чинээлэг бүлэг бий болсон боловч ноёлох ангийн ноёрхлыг зогсоох хүч байсангүй. Эдгээр иргэншлийн ачаар хүн ам өссөнөөр дэг журам тогтоох зориулалтаар шашин үүсэж,  лам нарын бүлэг бий болон зарим нь эрх мэдлийн оргилд хүрсэн ч хувцас нь л өөр болохоос хаадаас ялгараад байх зүйл байсангүй. Харин сүм, шашнаас улбаалан шинжлэх ухаан үүсэж удалгүй их сургуулиуд байгуулагдан бие даасан мэдлэгийн үйлдвэрлэл эрхлэх болов. Чухамхүү шинжлэх ухааны ачаар техникийн дэвшил,технологийн хэрэгжилт буюу үйлдвэрүүд бий болж үйлдвэрийн эзэд хэмээх шинэ хүчтэй анги гарч ирэн хаад, ноёдын үеийг халжээ. Шинжлэх ухаан хөгжсөөр технологи бий болов.Технологи бий болсноор оюуны өмч бий болж энэ хөдлөх өмчийг эзэмшигчид өнөөдөр үйлдвэрийн эздээс илүүтэй баялаг бүтээдэг болоод байна.Оюуны өмчийн инновацийн ачаар дэлхийн хаана байсан ч дуртай мэдээлэл авах, хүмүүс хоорондоо хормын дотор чөлөөтэй харилцах боломжоор хангагдав.

Хаад, ноёдын үеийг халж шинээр бий болсон хөрөнгөтөн хэмээх ноёлох ангийн эрх ашгийг хамгаалсан шашнаас эрс ялгарах шинжлэх ухаанч үзэл бий болох шаардлага үүсэв. Энэ үзлийг бид өнөөдөр  “Барууны үзэл” гэдэг. Мэдээж арга, билэг хэмээгдэх эсрэг тэсрэгийн хуулиар баялгийн ихэнхийг эзэмшдэг цөөнхийн үзлийн эсрэг олонхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Зүүний үзэл” ч бий боллоо. Ингэснээр энэ хоёр үзлийг төлөөлсөн улс төрчид хэмээх шинэ бүлэг бий болов. Түүхэн явцад олон янзын үзэл бий болсон ч нийгмийн шалгарлыг давж чадсангүй.  Ийнхүү “Ардчилсан нийгэм” оршин тогтнож ирэв. Гэхдээ Ардчилал бүх иргэдийн тэгш эрхийг зарлан тунхагладаг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “дотоодын”, бүх тусгаар улсууд тэгш эрхтэй гэдэг ч үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй “гадны” гэсэн хоёр том зөрчилтэй нийгэм. Өнөөдөр энэ нийгэм энэ хоёр том зөрчилдөө “идэгдээд” дуусаж байна. Үүнийг зарим судлаачид системийн хямрал гэх нь бий. Товчоор Зүүний хүчний “Иргэний нийгэм” гэсэн цоо шинэ тогтолцоо урган соёолж байна. Яг үнэндээ барууны болон зүүний өмч нэгдэж байгаа нь шинэ нийгэм бий болох үндэс  болж байгаа явдал юм. Үүний баталгаа нь жирийн иргэдийн хувьцаа бүхий тив дамнасан компаниуд билээ. Бэлэн жишээ нь манай Оюу толгойгоос эхлээд Google, Facebook, Apple, Samsung гээд цаашаа дуусахгүй үргэлжлэнэ. Яагаав, бид  “олон улсын зах зээлээс IPO /Initial Public Offering  буюу Олон нийтийн анхдагч итгэл/ босгоно” гээд байгаа чинь хөрөнгийн буюу хувьцааны ихэнхийг олон улсын жирийн иргэд эзэмшиж орлогын дийлэнхийг авна  гэсэн үг шүү дээ. Өмч нэгдэж, орлогын ихэнхийг жирийн иргэд авдаг болж буй нь   өмчийн эзэн жирийн иргэдэд тулгуурласан цоо шинэ нийгэм үүсэж, шинэ үзэл бий болох үйл явц нэгэнт эхэлсэн гэсэн үг. Энэхүү “Иргэний нийгэм” хэмээх цоо шинэ нийгмийг бий болгох гол хүч нь “Хиймэл оюун ухаан” хэмээх оюуны өмч болоод байна. Стив Жобс, Билл Гейтс, Цукерберг, Жек Ма гэх мэт тэрбумтнууд бүгд оюуны өмчийн эзэд билээ. Өнөөдөр Блоокчейн технологийн ачаар аж үйлдвэрийн  IV хувьсгал гарч олон мэргэжил хэрэггүй болж, олон сая хүн ажилгүй болно гэж дэлхий нийтээр ид шуугьж байна. Тэрхүү Блоокчейн технологи  гэдэг чинь ч оюуны өмч. Ер нь оюуны өмчийг инноваци болгож амьдралд тасралтгүй нэвтрүүлж чадсан улсууд л хөгжлөөр тэргүүлдэг. Үүнийг “Их долоо” гэгддэг улсуудын түүх бэлхнээ батална.Манай УИХ удахгүй Оюуны өмчийг эдий засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг батална. Ингэснээр хөдлөх хөрөнгийн дээдийн дээд хэмээгддэг  оюуны өмчийг монголчууд эзэмших, төдийгүй эргэлтэд оруулж хөгжингүй улс болох боломж бүрдэнэ. Өнөөдөр дэлхийд Ой тогтоолтын 17 төрлийн тэмцээн болдгийн 14-ийнх нь рекордыг монголчууд эзэмшиж байна. Энэ нь цөөхөн монголчууд оюуны өмчөөр бусдаас тэргүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Иймээс сонгогчид гэгддэг жирийн иргэдийн саналаар шийдэгдэх ирэх сонгууль төдийгүй түүний дараагийн сонгуульд ч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Ардын засгийнхан буюу Зүүний хүчнийхэн баараггүй ялна.

Г.Амарсанаа


Улс төр


Таамаг


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.