Таамаг: Иргэд нөхөгддөг баялагаа ашиглах эрхтэй байж гэмээ нь аривжуулна

2019-08-07 09:22:00

Монголчууд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулахаар төр, хувийн хэвшил, иргэний нийгмийг хамруулсан олон талын хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-д олонх суудалтай МАН-ын төсөл ба Ерөнхийлөгчийн төслийг нэгтгэхийн тулд зөвшилцөх ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дундаа газар болон байгалийн баялаг яг хэний өмч болох тухай хэлэлцсэн нь үндсэн хуулиасаа ч том асуудлыг дэлгэж орхив. Энэ чухал асуудал монголд тодорхой биш явж ирсэн нь одоо л нэг ил гарч, нийтээр хэлэлцэх боломж анх удаа нээгдлээ. 

Одоогийн Үндсэн хуулийн 6.1-д “Монгол улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”. 6.2-д “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Тэгвэл УИХ-аас 6.2 дээр “Төрөөс байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэсэн нэмэлт оруулах санал гаргалаа.Харин Ерөнхийлөгч "Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална” гэсэн нэмэлт оруулав. Энэ бол зарчмын ялгаа бөгөөд үүнийг яаж шийдвэрлэхээс хамааран ганц үндсэн хууль төдийгүй бусад хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.  

Бид ардчилсан улс орны төр болон засаг гэсэн нэр томьёог хуулиндаа буруу хэрэглэж ирсэн. Төр (state) бол өөрчлөгддөггүй байж л байдаг зүйл, харин засаг (government) нь ардчилсан чөлөөт сонгуулиар өөрчлөгддөг. Энэ нь төрийг сонгогдсон засаг удирддаг гэсэн үг. Засаг нь харилцан тэнцвэртэй, хяналттай гурван засаглaлаас бүрддэг. Үүнийг хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх, шүүх засаглал гэнэ. Мөн ардчилсан орны засаг нь бүх иргэдийн дийлэнхийн саналаар сонгогддог учир олон хүмүүсийн буюу улсын засаг юм. Монголчууд олон хүнийг улс гэдэг. Гэтэл нөгөөх нийтийн өмч, хөрөнгө гэдэг нь бүх хүний гэх эзэнгүй ойлголт юм. Тиймээс газар, газрын хэвлий, байгалийн баялагийг төрийн биш улсын өмч гэж тусгах нь илүү зохистой. Иймд 6.2-ыг “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад нөхөгддөг баялаг орон нутгийн иргэдийн, нөхөгддөггүй баялаг бүх ард түмний буюу улсын өмч мөн. Улсаас байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална" гэж зөв засах нь зүйд нийцнэ.Учир нь Засгийн газар иргэдийн олонх дэмжсэн намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу  төрийг удирдан чиглүүлдэг бөгөөд доголон янзага, сохор шонхор ч үгүй БОАЖЯ хувь хүн, хуулийн этгээдэд нөхөгддөг баялагийн зөвшөөрөл олгож буй нь яав ч эрүүл үзэгдэл биш. Өөрөөр хэлбэл малыг хамгаалах гэж бус ашиглах гэж малчид өсгөн олон сая болгосон шиг иргэд нөхөгддөг баялагаа ашиглах эрхтэй болж гэмээ нь аривжуулах нь дамжиггүй.Үүнийг нийслэлд байгаа БОАЖЯ биш, орон нутгийн иргэд л хийж чадна гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл билээ.

Г.Амарсанаа


Улс төр


Таамаг


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.