“Сауд гоби коэл транс”-ын тусгай зөвшөөрлийг бүрэн цуцаллаа

2019-08-13 14:05:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо. Тус компани “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр тус компани уул уурхайн стандарт, норм журмыг биелүүлээгүй, төлөвлөгөөт бичиг баримтыг бүрдүүлээгүй зэрэг ноцтой зөрчил илэрсэн бөгөөд үүнийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж буй аж. Одоогоос дөрвөн сарын өмнө Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад усны төлбөрөө төлөөгүй, АМНАТ-ын татвараа төлөөгүй, уулын ажлын төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй зэрэг 31 төрлийн зөрчил илрүүлж байсан юм.

“Энэ бол хууль мөрдөж ажилладаггүй компаниудад сануулга болсон үйл явдал боллоо. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 лиценз дээр шалгалт оруулах бөгөөд хууль зөрчсөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярьлаа.

Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн шийдвэр гарсантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулан 153469,47 га газрыг өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөл боловсруулжээ. Ирэх лхагва гарагт буюу энэ сарын 14-ний өдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, эцсийн шийд гаргах юм байна.


Улс төр


Таамаг


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.