НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ НАР ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ

2019-11-20 17:06:00

Нийслэлийн тэргүүний Нэгдүгээр сургууль дээр үдийн цай тойрсон маргаан үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг маргаанд нэг талаас ямар ч хяналт шинжилгээгүй бүтээгдэхүүн сурагчдад тараалгасан сургуулийн удирдлага, нөгөө талаас үүнийг эсэргүүцсэн багш нарын төлөөлөл байсан юм.

Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцгийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Тиймээс энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулжээ. Гэтэл өмнөөс нь “Захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна.  Мөн дээрх бүтээгдэхүүнээс үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг. Энэ тухай тус сургуулийн багш нар олон нийтэд дэлгэсэн. Гэтэл эдгээр багш нарыг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. Үүнийг эсэргүүцэн тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтран ажиллах боломжгүй гэх гарын үсэгтэй өргөдлийг энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны үеэр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлжээ. Гэвч одоог хүртэл өргөдлийн хариуг өгөөгүй талаар тус сургуулийн багш нар мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2019 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.